mn GB
Mobile menu

ГЕГ-ын дарга Б.Цэнгэл тэргүүтэй Монголын гаалийн төлөөлөгчид ОХУ-ын Уфа хотод ажлын айлчлал хийлээ

7

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Талын зам” төсөл, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины “Евразийн эдийн засгийн холбоо” байгуулах санал, БНХАУ-ын дарга Си Зинь Пиний дэвшүүлсэн “Нэг бүс-нэг зам” санаачлагыг хэрэгжүүлэх хүрээнд хятад-монгол-оросын гаалийн болон хилийн бүтээн байгуулалтын байгууллагуудын хооронд гурван талт хамтын ажиллагааны баримт бичиг байгуулахыг БНХАУ-ын гаалийн байгууллагаас хөрш орнуудын гаалийн байгууллагууддаа хандан уриалсан билээ.

Энэхүү санаачлагыг 2015 оны 3-р сард Бээжин хотноо болсон Монгол, Орос, Хятадын Гадаад Хэргийн дэд сайд нарын уулзалтын үеэр сайшаан дэмжиж, төрийн холбогдох байгууллагуудад баримт бичиг боловсруулж гарын үсэг зурахад бэлэн болгохыг даалгасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах болон хилийн боомтын хөгжлийг дэмжих чиглэлээр боловсруулсан гурван талт хамтын ажиллагааны баримт бичгүүдийн төслийг эцэслэн зөвшилцөх зорилгоор монгол-орос-хятадын гаалийн байгууллагын шинжээч мэргэжилтнүүдийн уулзалтыг 2015 оны 6-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд энэ уулзалтын үр дүнд дараах баримт бичгүүдийн төслийг бэлэн болгосон. Үүнд:

- МУ, ОХУ болон БНХАУ-ын хооронд худалдааны хөгжлийг дэмжихийн тулд таатай нөхцөл бүрдүүлэх хүрээнд хамтран ажиллах тухай МУ-ын ГЕГ, ОХУ-ын ХГАлба болон БНХАУ-ын ГЕГазар хоорондын Санамж бичиг;
- Монгол, орос, хятадын хилийн боомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай МУ-ын ГЕГазар, ОХУ-ын Хилийн бүтээн байгуулалтын холбооны агентлаг болон БНХАУ-ын ГЕГазар хоорондын Ерөнхий хэлэлцээр.

ОХУ-ын Уфа хотноо 2015 оны 7 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон БРИКС-ийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалт-арга хэмжээний үеэр дээрх баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар тохиролцсоны дагуу МУГЕГ-ын дарга Б.Цэнгэл тэргүүтэй монголын гаалийн төлөөлөгчид Уфа хотод ажиллав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ГЕГ-ын ГХАА-ны дарга Ж.Бямбагарав, тус албаны ОХУ-ын асуудал хариуцсан ГУБ Ц.Баярмаа нар ажилласан.

Холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа 2015 оны 7 дугаар сарын 9-ны өдөр болж, “МУ, ОХУ болон БНХАУ-ын хооронд худалдааны хөгжлийг дэмжихийн тулд таатай нөхцөл бүрдүүлэх хүрээнд хамтран ажиллах тухай МУ-ын ГЕГ, ОХУ-ын ХГА болон БНХАУ-ын ГЕГ хоорондын Санамж бичиг”-т МУГЕГ-ын дарга Б.Цэнгэл, ОХУ-ын ХГА-ны дарга А.Ю.Бельянинов, БНХАУ-ын ГЕГ-ын дарга Юй Гуанжоу нар; мөн “Монгол, орос, хятадын хилийн боомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай МУ-ын ГЕГ, ОХУ-ын Хилийн бүтээн байгуулалтын холбооны агентлаг болон БНХАУ-ын ГЕГ хоорондын Ерөнхий хэлэлцээр”-т МУГЕГ-ын дарга Б.Цэнгэл, ОХУ-ын Хилийн бүтээн байгуулалтын холбооны агентлагийн дарга К.Д.Бусыгин, БНХАУ-ын ГЕГ-ын дарга Юй Гуанжоу нар тус тус гарын үсэг зурснаар монгол-орос-хятадын хилийн боомт болон гаалийн байгууллагуудын гурван талт хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон хэмээн гурван тал дүгнэж байна.

6

Түүнчлэн тус арга хэмжээний үеэр монгол-орос, монгол-хятадын хоёр талт уулзалтууд болов. ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга А.Ю.Бельяниновтой хийсэн уулзалтын үеэр монгол-оросын гаалийн байгууллагын дарга нар дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав.

1

Үүнд:

- “Тодорхой нэр төрлийн бараанд хийх гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай МУ-ын ГЕГ, ОХУ-ын ХГА-ны хоорондын Протокол”,
- “Гаалийн хяналтын үр дүнг дээшлүүлэх зорилгоор рентген тоног төхөөрөмжийн тусламжтай авсан мэдээллийг солилцох тухай МУ-ын ГЕГ, ОХУ-ын ХГА-ны хоорондын Хэлэлцээр”,
“МУ-ын ГЕГ, ОХУ-ын ХГА-ны хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2015-2019 оны төлөвлөгөө”.

Дээрх баримт бичгүүд байгуулснаар монгол-оросын гаалийн хамтын ажиллагаа улам боловсронгуй болж байгаа төдийгүй цаашид хамтын ажиллагаа олон чиглэлээр үр ашигтай, идэвхтэй өрнөх таатай нөхцөл бүрдэж байгаа гэдгийг хоёр талын удирдлагууд санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Мөн тус уулзалтаар дараах асуудлаар санал солилцов:

3

2

1. Хоёр талт хамтын ажиллагааны ерөнхий төлөв, үр дүнгийн талаар санал солилцов. МУ-ын ГЕГ-ын дарга 2014 онд ОХУ-ын ХГА-нд ажлын айлчлал хийснээс хойш хоёр тал хэрэгжүүлэхээр тохиролцсон ажлуудаас нэг асуудлаас бусад нь амжилттай бүрэн хэрэгжсэнд сэтгэл хангалуун байгааг МУГЕГ-ын дарга онцлон тэмдэглэв. Тухайлбал, Хоёр орны хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг цахим байдлаар дамжуулах Техникийн нөхцөл /Хувилбар 1.0./ бүхий баримт бичигт хоёр тал гарын үсэг зурснаар цахим байдлаар мэдээлэл дамжуулах бэлтгэл бүрэн хангагдаж, хоёр тал тохиролцсоны дагуу туршилтын ажил 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр эхэлсэн. Туршилт эхэлснээс хойш 50 гаруй гаалийн мэдүүлгийн өгөгдлийг тохиролцсон форматаар амжилттай солилцсон. Мэдээлэл солилцох ажлын хүрээнд дагалдах бичиг баримтын тооны хувьд зөрж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хоёр тал санал солилцож байна. Мэдээлэл солилцох ажиллагааг илүү түргэн шуурхай, саадгүй дамжуулах шаардлагатай байгааг харгалзан ОХУ-ын ХГА-ны мэдээллийн технологийн ажлын туршлага судлах зорилгоор монголын МТТ-ийн ажилтныг ОХУ-д дадлагажуулах хүсэлтийг оросын тал нааштай хүлээн авч шийдвэрлэв.

Мөн 2014 онд орос-монголын гадаад худалдааны импорт, экспортын хувь хэмжээ өмнөх оноос буурсан хэдий ч хоёр талын хамтын ажиллагааны эрч хүч сулраагүй улам бүр өргөжиж, идэвхтэй байгаа гэдгийг оросын гаалийн байгууллагын дарга онцлон тэмдэглэв. Түүнчлэн 1990-ээд оны үед зогсонги байдалд орсон орос-монголын сайн хөршийн найрсаг харилцааг сэргээхэд манай хоёр байгууллага чухал үүрэг гүйцэтгэж байгаа, цаашид ч гүйцэтгэх болно гэдгийг дурьдаад ялангуяа 2010 онд хийсэн МУГЕГ-ын даргын айлчлалаас хойш монгол-оросын гаалийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг онцлов.

2. Алтанбулаг-Хиагт олон улсын хилийн боомтод тулгамдаж буй асуудлаар хамтарч ажиллах талаар санал солилцов. Тус боомтод оргил ачааллын үед монгол-оросын гаалийн байгууллагуудын гаалийн хяналт шалгалтын ачааллыг тэнцвэржүүлэх, боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор “Орос-монголын авто замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай ОХУ-ын ХГА, МУ-ын ГЕГ хоорондын Протокол” байгуулах талаар оросын талаас тавьсан саналыг 2015 оны 5-р сард Сиань хотноо уулзахдаа харилцан санал солилцсон төдийгүй монголын талаас тус Протоколын төслийг анхааралтай судлан үзэж, холбогдох саналаа ойрын үед хүргүүлэхээр тохиролцов.

ОХУ-ын ХГА-ны дарга А.Ю.Бельянинов МУГЕГ-ын дарга Б.Цэнгэлийг жил бүр оросын гаалийн баярыг угтан 10-р сарын 21-22-ны өдрүүдэд Москва хотноо уламжлал болгон зохион байгуулдаг “Таможенная выставка” олон улсын арга хэмжээнд оролцохыг урьсан юм.

Хоёр талт уулзалт найрсаг, дулаан уур амьсгалд болж, монгол-оросын гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж ОХУ-ын ХГА-ны дарга А.Ю.Бельяниновыг “Хүндэт гаальчин” тэмдгээр шагнав. ГЕГ-ын дарга Б.Цэнгэл ОХУ-ын ХГА-ны дарга А.Ю.Бельяниновт баяр хүргэж, тааламжтай цагтаа Монголд айлчлан ирэхийг урив.

Хөтөлбөрийн дагуу ГЕГ-ын дарга Б.Цэнгэл БНХАУ-ын ГЕГ-ын дарга Юй Гуанжоутай хоёр талт хамтын ажиллагааны олон талт чиглэлээр харилцан ярилцаж, цаг үеийн асуудлаар санал солилцов.

4

Үүнд:

1. БНХАУ-ын Сиань хотноо болж өнгөрсөн олон улсын гаалийн форумд оролцохыг урьсанд хятадын гаалийн байгууллагын удирдлагад талархал дэвшүүлж, БНХАУ-ын дарга Си Зинь Пиний дэвшүүлсэн “Нэг бүс-нэг зам” санаачлагыг хэрэгжүүлэх хүрээнд монгол-хятадын хоёр талт хамтын ажиллагаа улам бүр ойртон нягтрахыг сайшаан дэмжиж байгаагаа МУГЕГ-ын дарга илэрхийлэв. 7-р сарын 20-22-ны өдрүүдэд Бээжин хотноо болох гаалийн хамтарсан хяналтын шалгалтын ажлын хэсгийн 7 дугаар уулзалт, мөн мэдээллийн технологийн шинжээч мэргэжилтнүүдийн 2 дугаар уулзалтад МУГЕГ-ын төлөөлөгчдийг ГЕГ-ын дэд дарга ахалж ажиллах бөгөөд монголын тал эдгээр уулзалтуудын бэлтгэл бүрэн хангасан тухай мэдэгдэв. Түүнчлэн хоёр гаалийн байгууллагын хооронд төлөвлөсөн ажлууд эрчимтэй, үр дүнтэй хэрэгжиж байгаад талархал дэвшүүлж, зарим талаараа манай хоёр байгууллагын хувьд монгол-оросын гаалийн байгууллагуудын хооронд хэрэгжүүлж амжаагүй ахицтай явж байгаа ажлууд ч байгааг дурьдав. Тухайлбал, ачааны манифестыг цахим байдлаар солилцох техникийн бэлтгэл хангагдсан тул удахгүй болох мэдээллийн технологийн шинжээч мэргэжилтнүүдийн уулзалтаар туршилтын ажил эхлэх хугацааг харилцан тохиролцоно. Мөн хилийн боомтын хөгжлийн асуудал монголын гаалийн байгууллагын мэдэлд шилжиж ирснээр манай хоёр байгууллага энэ салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай боломж бүрдэж байна. Энэ ажлын хүрээнд монгол-хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаан саяхан ӨМӨЗО-ны Хөх хотод амжилттай болсон. Үүгээр хоёр тал хилийн боомтын хөгжлийн асуудлаар, мөн зарим түр боомтыг байнгын үйл ажиллагаатай болгох талаар санал солилцсон. Одоогийн байдлаар Дорноговь аймгийн Ханги-Мандал хилийн боомтыг байнгын болгох тухай Засгийн газрын шийдвэр гарсан тухай мэдээлэв. Түүнээс гадна Говь-Алтай аймгийн Бургастай боомт, Дорнод аймгийн Баянхошуу боомтыг байнгын боомт болгох талаар хятадын талаас гаргасан саналыг хүлээн авч шийдвэрлэхэд дэмжих болно гэдгийг илэрхийлэв. Дамжин өнгөрч байгаа ачааг саадгүй нэвтрүүлэх талаар орос-монголын гаалийн байгууллагууд анхаарч ажиллаж байгаа, энэ чиглэлээр хятадын талыг хамтарч ажиллахыг монголын талаас хүсэв.

2. БНХАУ, МУ ба ОХУ хоорондын гурван улсын хамтын ажиллагааны тод үлгэр дууриал нь хятад-монгол-оросын гаалийн байгууллагуудын гурван талт хамтын ажиллагаа байх ёстой, учир нь олон талт хамтын ажиллагаа эв нэгдэл, нэгдмэл хүчийг илэрхийлдэг гэдгийг гурван улсын төрийн тэргүүн нар ОХУ-ын Уфа хотноо хийсэн уулзалтын үеэр тэмдэглэснийг БНХАУ-ын ГЕГ-ын дарга Юй Гуанжоу хэлсэн үгэндээ онцлов. Иймд гурван талт хамтын ажиллагааг олон чиглэлээр өргөжүүлж идэвхжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байгааг цохон хэлэв. Гурван улсын төрийн тэргүүн нарын жилийн дараа хийх уулзалтын үеэр манай байгууллагууд бодитоор хийсэн, үр дүнтэй ажлуудаа, ялангуяа хамтарсан хяналт шалгалтын чиглэлээр хийсэн ажлын талаар танилцуулах болно гэдгийг онцлов.

5

Хоёр талт хамтын ажиллагааны чиглэлээр байгуулсан хэлэлцээр, санамж бичиг, протокол зэрэг холбогдох баримт бичгүүдийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, дүн шинжилгээ хийх, хамтарсан ажлын уулзалтууд зохион байгуулах, санал солилцох, тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх зэргээр хамтарч ажиллах саналыг хятадын талаас монголын талд тавив. Энэ саналыг МУГЕГ-ын дарга бүрэн дэмжиж хилээр нэвтрүүлж буй бараа, тээврийн хэрэгсэлд хийж байгаа гаалийн хяналтын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх чиглэлээр рентген тоног төхөөрөмжийн тусламжтай авсан зураг солилцох, мөн орос-хятадын гаалийн байгууллагуудын хооронд хэрэгжүүлсэн “Ногоон гарц”-ыг монгол-хятадын хилийн боомтод нэвтрүүлэх зэргээр хамтарсан хяналтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх тухай саналыг хятадын талд тавьсан. Мөн хилийн боомтод авч байгаа олон төрлийн төлбөр, хураамжийг багасгасан талаар хятадын талд мэдээлэв.

Шанхайн гаалийн академид монголын гаальчдыг сургалтад хүлээж авахад бэлэн байгаа талаар хятадын тал мэдэгдээд, цаашид сургалтыг хоёр талд ашигтай байдлаар зохион байгуулах санал дэвшүүлсэн төдийгүй ДГБ-ын дарга Кунио Микуриятай санал солилцоход хятадын гаалийн байгууллагаас Шанхайн гаалийн академийн энэхүү том сургалтын суурь баазыг бусад гаалийн байгууллагуудад илүү хүртээмжтэй, өргөн хүрээнд ашиглах боломжийг судлан үзэхийг санал болгосон гэдгийг онцолсон юм.

Худалдааны хөгжлийг дэмжихэд таатай нөхцөл бүрдүүлэх хүрээнд хамтран ажиллах болон хилийн боомтын хөгжлийн асуудлаар хамтран ажиллах асуудлаар чухал баримт бичгүүд байгуулснаар гурван талт хамтын ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж байгаа тул монгол-хятад-оросын гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаанд эерэг үр дүн гарах болно гэдэгт монгол-хятадын гаалийн байгууллагын удирдлагууд эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. БНХАУ-ын гаалийн байгууллагын дарга Юй Гуанжоу МУГЕГ-ын дарга Б.Цэнгэлийг тааламжтай цагтаа Хятад Улсад айлчлахыг урив.

Хоёр талт уулзалт найрсаг, дулаан уур амьсгалд болж өндөрлөлөө.