mn GB
Mobile menu

ГЕГ-ын дарга Б.Цэнгэл болон бусад албаны хүмүүс ДГБ-ын 125/126-р чуулга уулзалт болон бүс нутгийн интеграцичилал хуралдаанд оролцов.

1ДГБ-ын 125/126-р Чуулга уулзалт

ДГБ-ын гишүүн 180 орны гаалийн байгууллагуудын удирдлагууд 2015 оны 6 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Бельги улсын Брюссель хотноо ДГБ-ын 125/126-р Чуулга уулзалтын үеэр хуран чууллаа.

Чуулга уулзалтыг ДГБ-ын Зөвлөлийн дарга Ноён Зоихайр Чорфи удирдсан бөгөөд дараах дөрвөн үндсэн асуудлыг авч хэлэлцэв. Үүнд: дижитал гааль, гаалийн үйл ажиллагааны үр дүнгийн хэмжүүр, стратеги төлөвлөгөө, хилийн нэгдсэн менежмент гэсэн сэдвүүд байсан.

2ГЕГ-ын дарга Б.Цэнгэл, Гадаад хамтын ажиллагааны албаны ГУБ Н.Болор-Оюу, Дэлхийн гаалийн байгууллагын нарийн бичгийн дарга Кунио Микуриатай

Зөвлөлийн Гишүүн орнууд судалгаа, техникийн туслалцаа, чадавх бэхжүүлэх сургалтууд, мэдээллийн харилцан солилцоо, гадаад хамтын ажиллагааг өргөтгөх, эрсдэлийн удирдлагыг сайжруулахын тулд худалдааны менежментийг боловсронгуй болгох, хилийн нэгдсэн менежментийг хөгжүүлэх тэргүүн зэргийн ач холбогдолтой асуудлын талаар дэлгэрэнгүй хэлэлцэж, цахим худалдаа, гааль, хувийн хэвшлийн түншлэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн хурлын үеэр Олон улсын худалдааны аюулгүй байдлыг хангах, хөнгөвчлөх тухай багц стандарт боловсруулсаны 10 жилийн ой тохиож, гурав дахь тулгуур багана буюу Гааль – Бусад яам агентлаг болон Яам агентлаг хоорондын хамтын ажиллагааны тулгуур баганыг нэмлээ.

Мөн энэ онд Палестин улс ДГБ-ын 180 дахь Гишүүнээр элсэн орж, анхны Чуулга уулзалтанд оролцсоныг ДГБ-ын Зөвлөл найрсагаар хүлээн авав.

Энэ жилийн Чуулга уулзалтаар ДГБ-ын гурван газрын сонгууль үр дүнтэй зохион байгуулагдсан юм. Нийт гишүүн орнуудын санал асуулгаар дараах орнуудын гаалийн байгууллагуудаас дарга нар сонгогдлоо. Үүнд:
• ДГБ-ын Зөвлөлийн даргаар Мороккогийн гаалийн Ноён Зоихайр Чорфи дахин сонгогдов.
• Хууль сахиулах, худалдааг хөнгөвчлөх газрын даргаар АНУ-ын Гаалийн байгууллагын төлөөлөл хатагтай Ана Ниножоса
• Чадавхи бэхжүүлэх газрын даргаар Бразилийн Гаалийн төлөөлөл ноён Эрнани Чекучи
• Тариф, худалдааны газрын даргаар БНХАУ-ын Гаалийн төлөөлөл ноён Пинг Лиу нар тус тус шинээр сонгогдов.

3ГЕГ-ын дарга Б.Цэнгэл Японы гаалийн байгууллагын дарга ноён Мияаучи Юутакатай

Чуулганы үеэр Японы Сангийн яамны харьяа Гаалийн байгууллагын дарга Ноён Мияаучи Юутакатай уулзах завшаан тохиож хоёр орны найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсантай холбогдуулан манай орны гаалийн байгууллагын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх сургалтуудад хамруулж байгаад ГЕГ-ын дарга Б.Цэнгэл гүнээ талархал илэрхийлэв. Ноён Мияаучи Юутака ч цаашид гаалийн мэргэшсэн чиглэлүүдээр Ази, Номхон далайн бүс нутгийн Кашива дахь гаалийн сургалтын институтад Монголын Гаалиас илүү олон ажилтан албан хаагчдыг хамруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

4ГЕГ-ын дарга Б.Цэнгэл ХБНГУ-ын Сангийн яамны харьяа Гаалийн газрын дарга Ноён Жулиан Вертенбергертэй

5
ДГБ-ын Бүс нутгийн интеграцичилал хуралдаан

ДГБ-ын Гишүүн орнууд, Бүс нутгийн эдийн засгийн холбоод, Олон Улсын байгууллагууд, хувийн хэвшлийнхний нийт 200 гаруй төлөөлөгчид Брюссель хотноо 2015 оны 6-р сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ДГБ-ын Бүс нутгийн интеграцичилал хуралдаанд оролцов.

Хуралдаанд оролцогчид бүс нутгийн интеграцичлалын өөр өөр үе шатууд болон нэн ялангуяа бүс нутгийн харилцаа холбоог сайжруулах зорилгоор далайд гарцгүй хөгжиж буй орнууд уг интеграцичлалд хамрагдахын өндөр ач холбогдлын талаар хэлэлцэв.

Бүс нутгийн хэмжээнд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ДГБ-ын стандарт, баримт бичгүүд болон ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь үндсэн удирдамж болон ашиглагдаж, худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаануудыг уялдуулахад ихээхэн хувь нэмэр болж буйг Гишүүн орнууд цохон тэмдэглэсэн юм. Тухайлбал: Шинэчлэн найруулсан Киотогийн конвенци, ДГБ-ын дата модель, Олон улсын худалдааны аюулгүй байдлыг хангах, хөнгөвчлөх тухай багц стандарт, Нийлүүлэлтийн гинжин сүлжээний нэгдсэн удирдамж, Цахим нэг цонхны цогц баримт бичиг зэрэг нь тэдгээр санаачилагуудыг амжилттай хэрэгжүүлэх үндэс болж байгааг хуралдаанаас онцлон тэмдэглэв.

Хуралдаанд оролцогчид болон илтгэгчид бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй хэд хэдэн санаачилгуудын талаар мэдээллээ харилцан солилцов. Үүнд: Баруун Африкийн “Бүс нутгийн интеграцичлалын худалдааг нэмэгдүүлэх хөтөлбөр”, Зүүн Африкийн Холбооны бүс нутгийн Эдийн засгийн итгэмжлэгдсэн оператор болон Нэг гаалийн нутаг дэвсгэртэй байх санаачилга, Арабын Газар дундад тэнгисийн Чөлөөт худалдааны хэлэлцээр, Номхон далайн нэгдэл, Евро-Азийн эдийн засгийн холбоод зэргийн явц байдал болон Нидерланд, БНХАУ-уудын хооронд мал эмнэлгийн гэрчилгээг цахимаар солилцох, гэрчилгээг баталгаажуулах системд нэвтрэх зэрэг туршлагын талаар танилцуулав.

Уг хуралдаан нь дэлхийн хэмжээнд бусад орнуудаас бүс нутгийн хүрээнд хэрэгжүүлж буй санал санаачилга, төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагуудтай танилцах зэрэг боломж олгосноороо маш давуу талтай, үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.