mn GB
Mobile menu

ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ КОМИССИЙН АНХДУГААР ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

ГЕГ-ЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН ГААЛИЙН
ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТЫН
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ КОМИССИЙН АНХДУГААР ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

Монгол-Хятад улсын хилийн боомтын байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд МУ-ын Ерөнхий сайд, Боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэг болон БНХАУ-ын ГЕГ-ын дарга Юү Гуанжоу нар “Монгол-Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай МУ-ын Боомтын үндэсний зөвлөл болон БНХАУ-ын ГЕГ-ын хоорондын хэлэлцээр”-т 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод гарын үсэг зурсан билээ.

Уг хэлэлцээрийг үр дүнтэй болгох, Монгол-Хятадын боомтын хамтын ажиллагааны механизмыг эхлүүлэх, Монгол-Хятадын хилийн боомт нээх, бүтээн байгуулах, ажиллуулах, удирдах зэрэгт тулгараад байгаа асуудлуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, Хятадын “Нэг бүс-нэг зам” болон Монголын “Талын зам” төслийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талыг харилцан холбох, худалдааг хөнгөвчлөх ажлыг дэмжих ач холбогдолтой Монгол-Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссийн Анхдугаар хуралдаан 2015 оны 6 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдав.

1

2

Тус хуралдаанд Монголын талын төлөөлөгчдийг Монгол-Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын Монголын талын комиссын дарга- ГЕГ-ын дарга Б.Цэнгэл, Хятадын талын төлөөлөгчдийг тус комиссын Хятадын талын комиссын дарга БНХАУ-ын ГЕГ-ын намын хорооны гишүүн, Үндэсний боомтын Хэрэг эрхлэх газрын дарга Хуан Шэн Чиан нар тус тус тэргүүлэв. Мөн Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд комиссын дэд дарга- ГЕГ-ын дэд дарга Д.Бэхбат, комиссын нарийн бичгийн дарга- ГЕГ-ын ГХЭУГ-ын дарга Р.Бямбаа, ГХАА-ны БНХАУ-ын асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Энхжаргал нар ажиллав.

3

4

Хурлын үеэр Монголын талаас: Хятадын боомт дээр хууль бус төлбөр, хураамж авч буй үйлдлийг цэгцлэх, шинэ боомтын хил нэвтрэх гарцын байршлыг тодорхойлох, боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хамтран боловсруулах, боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх,  хоёр улсын  хил, хяналтын байгууллагууд хоорондын мэдээлэл солилцох хэлбэрийг шинэчлэн зохион байгуулах, улс хооронд зорчигч, бараа тээвэрлэж буй авто тээврийн хэрэгсэлд учирч буй хүндрэлүүдийг  шийдвэрлэх зэрэг чухал сэдвүүдийг хөндөн хэлэлцэв.

5

Хятадын талаас: Зарим боомтуудыг сайжруулах, өргөжүүлэх, нээлттэй болгох, гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэх, хилийн боомтын захиргаа хоорондын хамтын ажиллагааг боловсронгуй болгох, ачаа тээврийн хэрэгслийн хамтарсан шалгалтын тухай, ачаа тээвэрлэх зориулалтын замын асуудлын тухай санал дэвшүүлэн хэлэлцэв. Талууд нэгдсэн саналд хүрч “Монгол-Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссийн Анхдугаар хуралдааны Протокол” үйлдэн гарын үсэг зурсан.

Монгол-Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссийн Хоёрдугаар хуралдааныг 2016 онд Улаанбаатар хотод хийхээр болов.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА