mn GB
Mobile menu

“ХАРИЛЦАА ХОЛБОО БА ХАРИЛЦАН АШИГТАЙ ХӨГЖИЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ФОРУМ

БНХАУ-ын гаалийн байгууллагаас санаачлан БНХАУ-ын Сиань хотноо 2015 оны 5-р сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулсан “Харилцаа холбоо ба харилцан ашигтай хөгжил” сэдэвт олон улсын форумд ДГБ-ын дарга Кунио Микурия, 70 гаруй орны гаалийн байгууллагын дарга, дэд дарга, БНХАУ-д суугаа ЭСЯ-дуудын гаалийн атташе нар, түүнчлэн 10 гаруй олон улсын байгууллагын төлөөлөл, нийтдээ 300 гаруй төлөөлөгч оролцсон энэхүү томоохон олон улсын арга хэмжээнд ГЕГ-ын дарга Б.Цэнгэл тэргүүтэй монголын гаалийн төлөөлөгчид амжилттай оролцов. /Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд: Хятадын гаалийн байгууллагын урилгаар УБГГ-ын дарга Д.Гантуг, мөн ГЕГ-ын ГХАА-ны ГУБ Ц.Баярмаа, Н.Болор-Оюу нар ажилласан/.

БНХАУ-ын дарга Си Зинь Пиний гаргасан "Торгоны замын эдийн засгийн бүс" болон "21-р зууны тэнгисийн торгоны зам"-ыг хамтран байгуулах буюу “Нэг бүс-нэг зам” санаачлагыг хэрэгжүүлэх хүрээнд тус форумыг зохион байгуулсан ба хятадын гаалийн байгууллага бусад орны гаалийн байгууллагуудтай хамтын ажиллагааны агуулга хэлбэрийг улам боловсронгуй болгохыг эрмэлзэн, гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх, онлайн байдлаар мэдээлэл солилцох, цаасгүй бүрдүүлэлт нэвтрүүлэх, баримт бичиг ижилсүүлэх, туршлага солилцох, сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн дэвшилтэт арга хэлбэрийг гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэргээр гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах талаар бүхий л чиглэлээр нягт хамтран ажиллахыг нийт гаалийн байгууллагуудад хандан уриалав.

1

Уг форумд оролцсон Гаалийн байгууллага, олон улсын байгууллагуудын удирдлагууд

ГЕГ-ын дарга Б.Цэнгэл “Монголын гаалийн байгууллагад хийгдэж буй шинэчлэлийн үйл явц” сэдвээр англи хэл дээр бэлтгэсэн презентацийг форумын хөтөлбөрийн дагуу тавьсан нь асуудал дэвшүүлсэн, бусад орнуудын гаалийн байгууллагын анхаарал татсан презентаци болсныг форумд оролцогчид онцлон тэмдэглэсэн.

2

ГЕГ-ын дарга Б.Цэнгэл “Монголын гаалийн байгууллагад хийгдэж буй шинэчлэлийн үйл явц” сэдвээр илтгэл тавив.

Түүнээс гадна хоёр талт хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцох зорилгоор ГЕГ-ын дарга Б.Цэнгэл форумын үйл ажиллагааны үеэр хугацаа бага байсан хэдий ч хэд хэдэн орны гаалийн байгууллагын удирдлагуудтай үр дүнтэй, ажил хэрэгч уулзалтууд хийв. Үүнд: ОХУ-ын Холбооны гаалийн албаны орлогч дарга, ноён С.Г.Комличенко, БНХАУ-ын ГЕГ-ын дэд сайд, ноён Зоү Зиву, БНБелУ-ын Гаалийн улсын хорооны дарга, ноён Ю.А.Сенько, БНУнгарУ-ын Үндэсний татвар, гаалийн газрын дарга, ноён Кароли Сзабо, БНТуркУ-ын Гааль Худалдааны Яамны дэд сайд, ноён Несет Аккок, БНСУ-ын гаалийн байгууллагын дарга, ноён Ким Накхой, түүнээс гадна БНХАУ-д суугаа Итали Улсын ЭСЯ, БНЭУ-ын ЭСЯ, ХБНГУ-ын ЭСЯ-ны гаалийн атташе нартай уулзаж, бэлэг дурсгалын зүйл гардуулсан.

3

ОХУ-ын Холбооны гаалийн албаны төлөөлөгчидтэй уулзаж байгаа нь. Сиань хот

ОХУ-ын Холбооны гаалийн албаны орлогч дарга С.Г.Комличенкотой уулзаж, дараах асуудлаар харилцан санал солилцов:

- “Тодорхой нэр төрлийн бараанд гаалийн хяналт шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай МУ-ын ГЕГ, ОХУ-ын ХГА-ны хоорондын Протокол”, “Гаалийн хяналтын үр дүнг дээшлүүлэх зорилгоор рентген тоног төхөөрөмжийн тусламжтай авсан мэдээллийг солилцох тухай МУ-ын ГЕГ, ОХУ-ын ХГА-ны хоорондын Хэлэлцээр”, “МУ-ын ГЕГ, ОХУ-ын ХГА-ны хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2015-2019 оны төлөвлөгөө”, “МУ-ын ГЕГ, ОХУ-ын ХГА-ны хоорондын гаалийн зөрчилтэй тэмцэх чиглэлээр 2015-2017 онуудад хамтран ажиллах тухай төлөвлөгөө” зэрэг 4 төрлийн баримт бичигт монгол-оросын гаалийн байгууллагын дарга нар гарын үсэг зурах товын талаар харилцан санал солилцсоны үндсэн дээр 2015 оны 7-р сарын 9-10-ны өдрүүдэд ОХУ-ын Уфа хотод болох 3 талт уулзалтын үеэр гарын үсэг зурах товыг тохиров.

- Алтанбулаг-Хиагт олон улсын хилийн боомтод тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж, тус боомтод оргил ачааллын үед монгол-оросын гаалийн байгууллагуудын гаалийн хяналт шалгалтын ачааллыг тэнцвэржүүлэх, боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор оросын талаас “Орос-монголын авто замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай ОХУ-ын ХГА, МУ-ын ГЕГ хоорондын Протокол” байгуулахыг санал болгов. Протоколын төслийг монголын талд гардуулав.

- Хоёр орны хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг цахим байдлаар дамжуулах техникийн нөхцөл /хувилбар 1.0./-ийг хэрэгжүүлэх хүрээнд 2015 оны 4-р сарын 1-ний өдөр эхэлсэн МУГЕГ ба ХГА-ны хооронд цахимаар мэдээлэл солилцох туршилтын ажлыг 2015 онд багтаан дуусгахаар хоёр тал харилцан тохиров.

4

5

ГЕГ-ын дарга Б.Цэнгэл ОХУ-ын Холбооны гаалийн албаны орлогч дарга, ноён С.Г.Комличенко-д бэлэг дурсгалын зүйлс гардуулав

6

ГЕГ-ын дарга Б.Цэнгэл БНБелУ-ын Гаалийн улсын хорооны дарга, ноён Ю.А.Сенькотой хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар уулзав

 

“Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр”-ийг 2013 онд байгуулсан бөгөөд Хэлэлцээр 2014 оны 9-р сараас хүчин төгөлдөр болсон. Тус хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд беларусийн гаалийн байгууллагатай хамтын ажиллагааны эхлэлийг тавих зорилгоор монголын талаас санаачлага гарган ГЕГ-ын дарга Б.Цэнгэл БНБелУ-ын Гаалийн улсын хорооны дарга, ноён Ю.А.Сенькотой уулзалт хийв. Энэхүү уулзалт тус Хэлэлцээр байгуулснаас хойшхи монгол-беларусийн гаалийн байгууллагын дарга нарын анхны уулзалт юм.Уулзалтаар монголын талаас Беларусь Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй монголын аж ахуй нэгж, иргэдийн ачааг ямар үндэслэлээр саатуулж, хураан авч байгаа талаар тодруулга авахыг хүссэний дагуу беларусийн тал бичгээр хариу ирүүлэх тухай мэдэгдэв. Мөн беларусийн талаас “БНБелУ-ын Гаалийн улсын хорооны дэргэдэх БНБУ-ын гаалийн байгууллагын ажилтнуудыг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх дээд сургууль”-д монголын гаалийн ажилтнуудыг сургалтад хүлээн авахад бэлэн байгаа тухай мэдэгдсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг тус сургуулийн захиргаанаас авах боломжтой гэдгийг дурьдав.

ГЕГ-ын дарга Б.Цэнгэл БНБелУ-ын Гаалийн улсын хорооны дарга, ноён Ю.А.Сеньког тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлан ирэхийг урив.

7

БНХАУ-ын Гаалийн дэд сайд, ноён Зоү Зиву тэргүүтэй төлөөлөгчидтэй хоёр талт уулзалт хийх үеэр

8

БНХАУ-ын Гаалийн дэд сайд, ноён Зоү Зиву тэргүүтэй төлөөлөгчидтэй хоёр талт уулзалт хийх үеэр

9

БНХАУ-ын Гаалийн сайд, ноён Юү Гуанжоутай уулзав.

БНХАУ: БНХАУ-ын Гаалийн дэд сайд, ноён Зоү Зиву ГЕГ-ын дарга Б.Цэнгэлийг дотноор угтан авч, хоёр талт уулзалт халуун дулаан уур амьсгалд болов. Уулзалтаар Хятадын Гаалийн дэд сайд, ноён Зоү Зиву хэлсэн үгэндээ Хилийн боомтын захиргааны асуудал монголын гаалийн байгууллагын үйл ажиллагааны чиг үүрэгт шилжин ирсэн нь манай хоёр гаалийн байгууллагын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болно гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв. Мөн ГЕГ-ын дарга Б.Цэнгэл Монгол-Хятадын гаалийн хамтарсан хяналт, шалгалтын 7 дугаар уулзалт, Техникийн ажлын хэсгийн 2 дугаар уулзалтыг 2015 оны 6-р сард багтаан зохион байгуулах хүсэлтэй байгааг илэрхийлснийг хятадын тал дэмжив.

10

БНТУ-ын Гааль, Худалдааны яамны дэд сайд Ноён Несет Аккок тэргүүтэй төлөөлөгчидтэй хоёр талт уулзалт хийлээ.

БНТУ: БНТУ-ын Гааль, Худалдааны Яамны дэд сайд Ноён Несет Аккок болон дэд дарга Ноён Осман Нури Беихан нартай хийсэн уулзалт найрсаг, дулаан уур амьсгалтай болж өндөрлөв. Талууд нягт хамтын ажиллагааг сэргээх хүсэлтэй байгааг харилцан илэрхийлж, дээд түвшний албан айлчлал ойрын хугацаанд хийхээр тохиролцов. Дэд сайд, ноён Несет Аккок туркийн гаалийн байгууллага нь монголын гаалийн албанаас суралцах зүйлс бий. Иймд албан айлчлалын үеэр ямар чиглэлээр сургалт зохион байгуулах талаар харилцан тохиролцохоор зөвшилцлөө. Манай хоёр орон түүх, соёлын нэн эртний улбаатай бөгөөд энэхүү сайн харилцааг ирээдүйд улам бэхжүүлэн бататгахыг ГЕГ-ын дарга Б.Цэнгэл хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.    

11

БНУнгар Улсын Үндэсний Татвар, Гаалийн газрын дарга Ноён Кароли Сзаботэй хоёр талт хамтын ажиллагааг сэргээх талаар санал солилцов.

БНУнгар Улс: БНУУлсын Үндэсний Татвар, Гаалийн газрын дарга, ноён Кароли Сзабо болон Европын Холбоонд суугаа Гаалийн атташе, ноён Лажос Ражсзи нартай 5-р сарын 28-ны өдөр уулзав. Унгарын гаалийн төлөөлөгчид 2012 онд Монголын гаалийн алба үүсч байгуулагдсаны 100 жилийн ойгоор морилон ирж, 2013 онд Монголын Гаалийн 10 ажилтанг гаалийн хяналт, бүрдүүлэлтийн чиглэлээр Будапешт хотноо 7 хоногийн сургалтад хамруулснаас хойш байнгын хамтын ажиллагаа идэвхгүй байдалд орсон болохыг дурьдаад өмнөх бат тогтсон харилцааг сэргээх чин хүсэл эрмэлзэлтэй байгаагаа ГЕГ-ын дарга уулзалтын явцад илэрхийлэв. Энэхүү саналыг Унгарын гаалийн дарга бүрэн дэмжин, ойрын ирээдүйд эрчимтэй сэргээхэд унгарын талаас хүчин чармайлт гарган ажиллахыг мэдэгдэв. Уулзалтаар харилцан санал солилцсоны дагуу 1995 онд байгуулагдсан “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай  Монгол Улсын Засгийн газар, БНУнгар Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр”-ийн хүрээнд хамтын ажиллагааг сэргээх баримт бичгийн төслийг монголын талаас БНУУ-ын гаалийн газарт хүргүүлэхээр тохиров. Мөн унгарын талаас албаны эрэлч нохойг сургах, дадлагажуулах чиглэлээр арвин туршлагатай орны хувьд энэ чиглэлээр монголын гаалийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулах боломжтойг дурьдсан болно.

12

БНСУ-ын Гаалийн байгууллагын дарга Ноён Ким Накхоетой уулзлаа.

БНСУ: БНСУ-ын Гаалийн байгууллагын дарга, ноён Ким Накхой-тэй уулзаж, монгол-солонгосын гаалийн байгууллагын дарга нарын зөвлөлдөх 7 дугаар уулзалтыг зохион байгуулах товыг хэлэлцэж тохиров. Энэхүү уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах ээлж тул ГЕГ-ын дарга Б.Цэнгэл ноён Ким Накхой-г 2015 оны сүүлийн хагас жилд тааламжтай үедээ ирэхийг урив.

13

ХБНГУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Гаалийн асуудал эрхэлсэн атташе, ноён Роналд Лензийн хамт

 

ХБНГУ: ХБНГУ-ын Гаалийн газартай “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хамтарсан мэдэгдэл” байгуулахаар 2013 оноос эхлэн хоёр тал санал солилцож, 2014 оны ДГБ-ын Чуулга уулзалтын үеэр баримт бичиг үйлдэхээр харилцан тохиролцсон байсан хэдий ч санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас МУГЕГ-ын дарга тэрхүү хуралд оролцож чадаагүй. Иймд хоёр байгууллагын хооронд мэдэгдэл байгуулах асуудлыг дахин ярилцах зорилгоор германы гаалийн байгууллагыг төлөөлж Сиань хотноо зохион байгуулагдсан форумд оролцсон ХБНГУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Гаалийн асуудал эрхэлсэн атташе, ноён Роналд Лензтэй уулзаж, хоёр улсын гаалийн байгууллагын уламжлалт түүхэн найрсаг харилцааг хэвийн хэмжээнд сэргээн хөгжүүлэх талаар санал солилцон, ГЕГ-ын даргын нэрийн өмнөөс Германы Гаалийн дарга, Ноён Жулиан Вертенбергерд уламжлах захиаг хүргүүлэхээр дамжуулан өгөв.

 

БНХАУ-ын Гаалийн байгууллагын дэд сайд Ноён Сүн Юибиао форумын үйл ажиллагаа амжилттай болсонд форумд оролцогчдод БНХАУ-ын гаалийн байгууллагын өмнөөс талархал дэвшүүлэв. Мөн форумын үйл ажиллагааг дүгнэн “Нэг бүс, нэг зам санаачилгын хүрээнд Гаалийн байгууллагын дарга нарын форумын санаачилга” болон “Нэг бүс, нэг зам санаачилгын хүрээнд Гаалийн байгууллагуудын харилцаа холбоог өргөжүүлэх талаар Сианий тунхаглал” гаргах болсныг танилцуулан, нийт төлөөлөгчид санал нэгтэйгээр дэмжив.