mn GB
Mobile menu

“Хил хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал”

logo

“Хил хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Хууль Сахиулахын Их Сургууль дээр зохион байгуулагдлаа.

Тус эрдэм шинжилгээний бага хуралд Гаалийн ерөнхий газрын Татвар, орлогын хэлтсийн гаалийн улсын байцаагч, судлаач Д.Цэндсүрэн урилгаар оролцон “Хилийн нэгдсэн зохицуулалттай удирдлагыг Монгол Улсад хэрэгжүүлэх боломж, үүсч болзошгүй эрсдэлийг бууруулах арга замууд” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Эрдэм шинжилгээний бага хуралд Хууль сахиулахын их сургууль, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын ажилтан, эрдэмтэн, судлаачид оролцож, илтгэлээ тавьж хэлэлцүүллээ.

Эрдэм шинжилгээний бага хуралд ирүүлсэн илтгэлүүдийг ач холбогдол, агуулга, хөндөж буй сэдэв зэргээр нь шалгаруулахад Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Д.Цэндсүрэнгийн илтгэл тэргүүн байр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч Т.Төмөрбаатарын илтгэл дэд байранд тус тус шалгарч, өргөмжлөл, Хууль сахиулахын их сургуулийн 80 жилийн ойн хүндэт тэмдэг, мөнгөн шагналаар шагнагдсан байна.

Дэлхий нийтээр даяаршиж байгаа өнөө үед улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, гадаад худалдааны өсөлт, шинээр нэмэгдэх барааны нэр төрөл, шинэ төрлийн зөрчлийн чиг хандлага, техник технологийн үсрэнгүй өөрчлөлт зэргээс шалтгаалан дэлхийн улс орнуудын хилийн хяналтын байгууллагууд уламжлалт арга барилаар ажиллах боломжгүй болж, үйл ажиллагаагаа уялдуулан, ухаалаг, оновчтой байдлаар хяналт тавих шинэ арга ажиллагааг эрэлхийлэх болсон нь хилийн нэгдсэн зохицуулалтттай удирдлага юм. 

Дэлхийн Гаалийн Байгууллагаас 2015 оныг “Хилийн нэгдсэн удирдлагын жил” болгон зарлан, энэ ажлын хүрээнд улс орнуудын Гаалийн байгууллагууд хил дээрх үйл ажиллагааг илүү түргэн шуурхай болгон сайжруулахад уламжилж ирсэн түншлэлээ идэвхитэй өргөжүүлэн ажиллахыг уриалсан энэ онд Монголын Гаалийн байгууллагын төлөөлөл хилийн нэгдсэн зохицуулалттай удирдлагыг хэрэгжүүлэх боломжийг судлан, төрийн байгууллагууд болон эрдэмтэн судлаачидтай санал бодлоо солилцсон нь цаг үеэ олсон ажил боллоо. 

Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Д.Цэндсүрэндээ эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

2015-03-31