mn GB
Mobile menu

Гааль, хилийн хяналтын байгууллагуудын зөвлөлдөх уулзалт

dornod 1

Дэлхийн Гаалийн байгууллагаас 2015 оныг “Хилийн нэгдсэн менежментийн жил” болгон зарласан билээ.

Энэ ажлын хүрээнд “Хамтын ажиллагааны үр өгөөжийг сайжруулъя” хилийн хяналтын байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг Гаалийн ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь Гаалийн газраас санаачлан 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Зүүн бүсэд амжилттай зохион байгууллаа.

dornod 2

Дэлхийн улс орнуудын Гаалийн байгууллага бүр хил дээрх үйл ажиллагаагаа илүү түргэн шуурхай болгон сайжруулах, үүний тулд хамтарч ажилладаг хилийн хяналтын байгууллага болон хөрш орны Гаалийн байгууллагуудтай хамтын ажиллгаагаа улам өргөжүүлж, тодорхой үр дүнд хүрэхийг “гадаад худалдаа” биднээс шаардаж байна.

Дэлхийн гаалийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд хийж байгаа энэ ажил нь нөгөө талаас Дорнод аймаг дахь Хавирга-Ар хашаатын боомт байнгын үйл ажиллагаанд шилжсэнтэй холбоотой хийгдэж буй ажил юм.

Хэдийгээр хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа, чиг үүрэг, эрх хэмжээ харилцан адилгүй ч хилийн хяналтын байгууллагууд хамтран ажилласнаар “Хилийн нэгдсэн мененжмент”-ийн давуу талууд болох хилийн байгууллагуудын үйлчилгээний хүртээмж сайжрах, үйл ажиллагааны давхардал багасах, өртөг зардал хэмнэх, хамтын ажиллагааны зохистой оролцоог бий болгох, тээврийн зардал багасах, мэдээлэл солилцоо өргөжих болон хилийн үйл ажиллагаанд оролцогчдын уялдаа холбоо сайжрах зэрэг үр дүнтэй.

dornod 3

 

Даяарчлалын үйл явц хурдацтай тэлэх тутам олон улсын худалдааны аюулгүй байдлыг хангах, түүнчлэн дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа зохион байгуулалттай гэмт хэрэг, худалдааны луйвартай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангахад бусад орны хилийн хяналтын байгууллагууд аль хэдийнээ хамтран ажилладаг болсон байна. Энэ шаардлага бидэнд ч нэгэн адил тавигдаж байна.

Мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудаа олон нийтэд сурталчлах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаалийн холбогдолтой дүрэм журмыг ил тод, ойлгомжтой, нэг мөр байдлаар хэрэглэх, гаалиар үйлчлүүлэгч байгууллага, бизнесийн хүрээнийхэний саналыг дүрэм журамдаа тусгуулах, гааль бизнесийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор Гаалийн байгууллагаас цаашид ч тодорхой ажлуудыг хийх болно.

dornod 4

“Хамтын ажиллагааны үр өгөөжийг сайжруулъя” уулзалтад оролцогчдоос цаашдын “Харилцан ойлголцлын санамж бичиг” гаргахаар тохиролцлоо.

Хилийн хяналтын байгууллагын удирдлагууд уулзалтаараа хил дээр болж бүтэж байгаа зүйл ярихаасаа илүүтэйгээр хүндрэлтэй байгаа асуудал, түүнээс гарах арга замыг эрэлхийлэн ярилцаж нэгдсэн ойлголтод хүрсэн нь энэхүү уулзалтын гол ач холбогдол боллоо.