mn GB
Mobile menu

2015 оны “Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөн” дээр Сангийн дэд сайд С.Пүрэвийн хэлсэн үг

2

Монгол Улсын Гаалийн байгууллагын Удирдах ажилтны 2015 оны зөвлөлгөөнд оролцогч Та бүгдэд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Аливаа улсын гааль бол тухайн орныхоо хөгжлийн түвшний хэмжүүр, хүн ардын зан байдлын илрэл байдаг бөгөөд харин гаальчид бол үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, соёлын өвийг сахин хамгаалахад жинтэй үүрэг хүлээсэн торгон хилийн манаа, төрийн тусгай албаны дайчид юм. Ийм ч учраас монголын төр засаг гаалийн байгууллага, гаальчиддаа онцгой хүндэтгэлтэйгээр хандахын сацуу чанд сахилга бат, өндөр хариуцлага, бахдам ёс зүйтэй ажиллах хатуу шаардлага тавьдаг.

Сүүлийн жилүүдэд авилгал, хүнд сурталтай холбоотой бусармаг үйлдлүүд монголын нийгмийн амьдралд газар авч, иргэд, бизнэс эрхлэгчдэд хүнд дарамт учруулах болж, эдгээр нэр томъёо ч хоол хүнс адил өдөр тутмын хэрэглээ болтлоо үг ярианд хэрэглэгдэх болсныг олон нийт эрс шүүмжлэх болсон. Энэ шүүмжлэл гаалийн байгууллага, гаальчдыг ч тойроогүйг Та бид мэднэ.

Энэ байдлыг засаж залруулах талаар өнгөрсөн 2 жилийн хугацаанд монголын гаальчдын хийсэн ажил үйлс, санал санаачлагуудыг Сангийн яам анхааралтай ажиглаж, удирдан чиглүүлж, дэмжин ажилладаг билээ.

Хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдаанд оролцогчдод тулгарч буй саад бэрхшээлийг багасгах зорилгоор гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг цахимжуулах ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн, гаалийн бүрдүүлэлтийн технологи үйл ажиллагааны шат дамжлагыг 2 дахин цөөрүүлсэн, хилийн хамтарсан манифестийн хэрэглээг олшруулсан зэрэг нь цаг хугацаа, зардал хэмнэсэн зоримог шийдлүүд болсон бөгөөд хүлээсэн үр дүнгээ ч өгөөд байна. Үүний нэг нотолгоо нь Америкийн Худалдааны танхимын Монгол дахь салбар, АНУ-ын хөгжлийн агентлаг, Бизнесийг дэмжих санаачлага төслийн “Сант Марал” судалгааны төвтэй хамтран хийдэг дүнгээс харахад 2014 оны 12 дугаар сарын байдлаар гаалийн байгууллагаас бизнест учруулж буй саад гэсэн үзүүлэлт 2012 оны мөн үетэй харьцуулахад бизнесийн дарамт 4.6 дахин буурч 4.2 хувьтай болсон явдал юм.

Авилгатай тэмцэх газраас байгууллагын ил тод байдал, авилгатай тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд өгдөг үнэлгээгээр 2013 онд нийт 50 байгууллагаас Монголын Гааль сүүлээсээ 2-т орж байсан бол 2014 онд эхнээсээ 11-т жагсжээ. Энэ бол яах аргагүй гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлсэн камерын хяналтын систем, давхар хяналтын тогтолцоо, шинээр суурилуулсан рентген тоног төхөөрөмж болон гаальчдын маань цаглашгүй хөдөлмөрийн үр өгөөж юм.

Энэ оны эхнээс монголын төр засаг шилэн дансны тогтолцоог нэвтрүүлсэн. Үүний үр дүнд төрийн бүх шатны байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтад өргөн олны зүгээс тавих хяналт ил тод боллоо. Төрийн байгууллага бүр санхүүгийн хатуу сахилгыг сахиж, аливаа өр, авлагыг үүсгэлгүй, хууль бус үйлдэл гаргалгүй ажиллах ёстой юм.

Монголын гааль энэ тал дээр онцгой анхаарал тавин ажилласнаар 2013 онд санхүүгийн зөрчилгүй хамт олон болсныг Үндэсний аудитын газраас өгсөн дүгнэлт харуулж байна. Энэ бол тун сайн хэрэг. Энэ эрчээ алдалгүй хойшид жил тутам зөрчилгүй ажиллаж чадна гэдэгт Монгол Улсын Сангийн яам гаальчиддаа бүрэн итгэж байдгаа энэ индрээс илэрхийлэх байна.

3

Гаалийн байгууллагын нэг гол зорилт бол улсын төсвийн орлого төвлөрүүлэх явдал байдаг. Өнгөрсөн 2014 онд гаалийн байгууллага улсын төсөвт 1.919 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1.566 тэрбумыг төвлөрүүлжээ. Гүйцэтгэл 81.6 хувьтай, тасалдал 353 тэрбум төгрөг байна. Манай улсын нийт импорт 1 тэрбум гаруй ам.доллароор багасч, санхүүгийн жилийн дундуур татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, хойшлуулалтын хэд хэдэн шийдвэр гарсан зэрэг нөлөөлөх хүчин зүйлүүд байсан ч улс орон маань санхүү, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй байгаа энэ цаг үед төсөв төвлөрүүлэгч бүр төлөвлөгөөгөө ягштал биелүүлэхийн төлөө зүтгэх ёстой. Гаальчид маань ч анхаарч ажиллана гэж бүрэн итгэж байгаа.

Энэ 2015 оны төсвийн төлөвлөгөө сүүлийн жилүүдийн төлөвлөгөө дундаа илүү бодит, амьдралд ойртсон төлөвлөгөө болсон гэж шийдвэр гаргагчид дүгнэж байгаа. Гаалийн байгууллага энэ онд 1.863 тэрбум төгрөгийн төлөвлөгөөтэй. Иймд оны эхнээс өнгөрсөн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлд нарийн дүн шинжилгээ хийж, нөлөөллийн хүчин зүйлүүдийг нягтлан тогтоож, харгалзан гаргасан графикийн дагуу тасалдалгүй биелүүлэн ажиллах шаардлагатай байна. Ингэж чадна гэдэгт ч итгэлтэй байгаа.

Та бүгдэд сайн сайхныг хүсэн ерөөе! Гаалийн удирдах ажилтны энэ өдрийн зөвлөлгөөнд амжилт хүсье!