mn GB
Mobile menu

ГААЛИЙН ТАРИФЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

suld

Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг нийт гаалийн харилцаанд оролцогч та бүхэнд танилцуулж байна.

 

ГААЛИЙН ТАРИФЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Дарга                                              -Сангийн сайд

Орлогч дарга                                 -Эдийн засгийн хөгжлийн дэд сайд

Гишүүд:                                           -Гаалийн ерөнхий газрын дарга;


                                                        -Татварын ерөнхий газрын дарга;

-Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын
захирал;

-Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга;

-Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын
материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах
газрын дарга;

-Зам, тээврийн яамны Стратегийн бодлого,
төлөвлөлтийн газрын дарга;

-Уул уурхайн яамны Стратегийн бодлого,
төлөвлөлтийн газрын дарга;

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого,
төлөвлөлтийн газрын дарга;

-Эрчим хүчний яамны Стратегийн бодлого,
төлөвлөлтийн газрын дарга;

-Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газрын дарга;

-Эдийн засгийн хөгжлийн яамны Худалдааны хэлтсийн
дарга;

-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн
танхимын дарга (тохиролцсоноор);

-Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуулийн
захирал (тохиролцсоноор).

Нарийн бичгийн
       дарга                                       -Эдийн засгийн хөгжлийн яамны ажилтан (орон тооны).

 

Засгийн газрын 2014 оны 306 дугаар
                                          тогтоолын 1 дүгээр хавсралт


ГААЛИЙН ТАРИФЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү дүрмийн зорилго нь Гаалийн тарифын зөвлөлийн чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтын зарчмыг тодорхойлж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад оршино.

1.2. Гаалийн тарифын зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) хууль дээдлэх, хараат бус, тооцоо судалгаанд тулгуурлан шийдвэр гаргах үндсэн зарчмыг баримтална.

1.3. Зөвлөл үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, холбогдох бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.

1.4. Зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл хуудас, Зөвлөлийн даргын байгууллагын албан тамгыг хэрэглэнэ.

Хоёр. Зөвлөлийн чиг үүрэг

2.1. Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.1.1. Монгол Улсын эдийн засгийн ашиг сонирхол, дотоодын зах зээл, үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор гаалийн татвар, тарифын зохистой тогтолцоог бүрдүүлэх, гаалийн татварын хувь, хэмжээг оновчтой тогтоох чиглэлээр судалгаа хийх, дүгнэлт, санал гаргах;

2.1.2. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болон худалдааны нэн тааламжтай тариф (хөнгөлөлттэй тариф) хэрэглэх хэлэлцээр байгуулсан улсын гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүнд тарифын нэн тааламжтай нөхцөл олгох, хөгжингүй орнуудаас үзүүлдэг тарифын хөнгөлөлтийг ашиглах талаар тарифын хэлэлцээ хийх санал боловсруулах;

2.1.3. худалдааны аль нэг түнш орон Монгол Улстай явуулж байгаа худалдааны харилцаанд Дэлхийн худалдааны байгууллагын зарчим, хэм хэмжээнд харшилсан бодлого явуулж, урьдчилан зөвшилцөхгүйгээр дангаараа худалдааны нөхцөлийг дордуулсан тариф болон тарифын бус арга хэмжээг авч хэрэгжүүлсний эсрэг авах хариу арга хэмжээний талаар санал боловсруулах.

Гурав. Зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт

3.1. Зөвлөл нь 15 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд төсөв, худалдаа, гадаад харилцаа, гааль, татвар, эрчим хүч, уул уурхай, зам, тээвэр, үйлдвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.

3.2. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

3.3. Зөвлөлийн дарга нь төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зөвлөлийн орлогч дарга нь худалдааны асуудал эрхэлсэн дэд сайд, Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын орон тооны ажилтан байна.

3.4. Зөвлөлийн гишүүнийг дараах үндэслэлээр Засгийн газар чөлөөлж болно:

     3.4.1. биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зөвлөлийн гишүүний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;

     3.4.2. үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн;

     3.4.3. төлөөллөө хэрэгжүүлэх чадамжгүй болсон;

     3.4.4. гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоосон шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон;

     3.4.5. ашиг сонирхлын зөрчил үүссэн гэдэг нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;

     3.4.6. зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн байгууллага өөрчлөх, эгүүлэн татах хүсэлт гаргасан.

3.5. Зөвлөлийн гишүүн дараах эрх, үүрэгтэй. Үүнд:

3.5.1. гаалийн тарифтай холбоотой өөрийн салбарын бодлогын асуудлыг тооцоо судалгаатай боловсруулж, гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан санал, зөвлөлийн хурлын шийдвэрийн төсөл, холбогдох бусад материалын хамт зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, санал гаргах;

3.5.2. зөвлөлийн чиг үүрэгт хамаарах асуудлыг хариуцан ажиллаж, ажлын гүйцэтгэл, үр дүн болон холбогдох бусад асуудлын талаар зөвлөлийн хуралд мэдээлэл хийх;

     3.5.3. зөвлөлийн хуралдаанд таслах эрхтэй оролцох;

     3.5.4. зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, шийдвэрийн үр дүн, нөлөөллийн талаар судалгаа хийх;

     3.5.5. зөвлөлийн нарийн бичгийн даргад зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх.
 
3.6. Зөвлөлийн дарга энэхүү дүрмийн 3.5-д зааснаас гадна дараах бүрэн эрхтэй:

     3.6.1. зөвлөлийн хуралдааныг товлох, удирдан явуулах;

     3.6.2. зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалт батлах;

     3.6.3. зөвлөлийн чиг үүрэгт хамаарах асуудлаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллагаас судалгаа, баримт материал гаргуулан авах.

3.7. зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг зөвлөлийн орлогч дарга гүйцэтгэнэ.

3.8. Зөвлөлийн нарийн бичгийн дарга дараах чиг үүрэгтэй:

      3.8.1. зөвлөлийн хуралдааны техник, зохион байгуулалтын бэлтгэлийг хангах;

      3.8.2. зөвлөлийн хуралдааны тэмдэглэл хөтлөх, архив бүрдүүлэх;

      3.8.3. зөвлөлийн гишүүнд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

      3.8.4. зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, зөвлөлийн дарга, орлогч даргыг холбогдох мэдээллээр хангах;

    3.8.5. зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэхээр зөвлөлийн гишүүнээс ирүүлсэн санал, холбогдох тооцоо судалгааг хянан үзэх, шаардлагатай тохиолдолд баримт бичгийн бүрдэл хангуулахаар буцаах;

     3.8.6. зөвлөлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах;

     3.8.7. энэхүү дүрмийн 2.1-д заасан чиг үүргийн хүрээнд судалгаа хийх, зөвлөлийн дарга, орлогч даргад танилцуулах.

3.9. Зөвлөлийн нарийн бичгийн даргыг худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.

3.10. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд хуралдаанаас дүгнэлт, санал гаргана.

Дөрөв. Зөвлөлийн хуралдааны дэг

4.1. Зөвлөл улиралд 1-ээс доошгүй удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг зөвлөлийн дарга зарлан хуралдуулж болно.

4.2. Хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэж, хэлэлцэх асуудлын жагсаалт, холбогдох баримт бичгийг  хүргүүлсэн байна.

4.3. Баримт бичгийн бүрдэл хангаагүй асуудлыг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхгүй.

4.4. Зөвлөлийн хуралдаанд Зөвлөлийн гишүүн 1 саналын эрхтэй. Зөвлөлийн нарийн бичгийн дарга саналын эрхгүй.

4.5. Хуралдаан нийт гишүүдийн гуравны хоёроос цөөнгүй нь оролцсоноор хүчин төгөлдөр болно.

4.6. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд биеэр оролцох боломжгүй гишүүн хуралдаан эхлэхээс өмнө саналаа бичгээр хүргүүлж болно. Энэ тохиолдолд түүнийг хуралдаанд оролцсонд тооцно.

4.7. Хуралдаанд зөвлөлийн нарийн бичгийн дарга заавал оролцох бөгөөд хэлэлцэгдэж байгаа асуудалтай холбогдох бусад этгээдийг оролцуулж болно.

4.8. Хуралдааныг нээлттэй явуулна.

Тав. Зөвлөлийн санал, дүгнэлт гаргах

5.1. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын танилцуулгыг тухайн асуудлыг оруулж байгаа зөвлөлийн гишүүн хийнэ. 

5.2. Гишүүд болон бусад холбогдох оролцогч танилцуулсан асуудлаар саналаа хэлнэ.

5.3. Хуралдаан даргалагч хэлэлцэж байгаа асуудлын талаар гарсан саналыг нэгтгэж, санал, дүгнэлтийн төслийг танилцуулна.

5.4. Санал, дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналыг үндэслэн гаргана. Гишүүдийн саналыг илээр хураана.

5.5. Санал, дүгнэлт гаргахад Монгол Улсын олон улсын гэрээ, Дэлхийн худалдааны байгууллагын зарчим, хэм хэмжээ, Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орохдоо хүлээсэн манай улсын үүрэг, амлалт, түүнчлэн дотоодын зах зээл,  үйлдвэрлэлд үзүүлэх нөлөө, ач холбогдлыг харгалзан үзнэ.

5.6. Санал, дүгнэлтэд хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.

5.7. Санал, дүгнэлтийг тухайн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

5.8. Хуралдааны тэмдэглэлийг зөвлөлийн нарийн бичгийн дарга хөтөлж, ажлын 5 өдөрт багтаан албажуулна. Тэмдэглэлд хуралдаанаар хэлэлцсэн асуудлын жагсаалт, гишүүдийн ирц, хуралдааны явц, хуралдаанд оролцогчдын хэлсэн үг, гаргасан саналыг дэлгэрэнгүй үнэн зөв, бүрэн гүйцэд тусгасан байна.

5.9. Хуралдааны тэмдэглэлд зөвлөлийн дарга болон нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулна.

Зургаа. Зөвлөлөөс бусад байгууллагатай харилцах

6.1. Зөвлөл нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллана. Шаардлагатай гэж үзвэл тодорхой асуудал боловсруулах, судалгаа хийх зорилгоор ажлын хэсэг, шинжээч, зөвлөх ажиллуулж болно.

6.2. Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гаалийн тарифтай холбоотой бодлогын  асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийн өмнө Зөвлөлийн саналыг албан ёсоор авсан байна.

6.3. Салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага гаалийн тарифтай холбоотой бодлогын асуудлыг тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан тус байгууллагыг төлөөлсөн зөвлөлийн гишүүнээр уламжлан зөвлөлд оруулж хэлэлцүүлж болно.

6.4. Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гадаад худалдааны статистик мэдээллийг сар бүрийн эхний 14 хоногийн дотор албан ёсоор зөвлөлийн нарийн бичгийн даргад хүргүүлнэ.

Долоо. Бусад

7.1. Зөвлөлийн ажиллах нөхцөлийг хангах, судалгаа хийх, үйл ажиллагаатай нь холбогдон гарах бусад зардлыг худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсөвт тусган санхүүжүүлнэ.

7.2. Зөвлөлийн дарга, орлогч дарга, гишүүнд тэдгээрийн хуралд оролцсон байдлыг харгалзан урамшуулал олгож болох бөгөөд түүний хэмжээ, олгох журмыг худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 

7.3. Зөвлөл нь Засгийн газарт хагас жил тутам үйл ажиллагаагаа тайлагнана.   
           

             -----ооОоо-----