mn GB
Mobile menu

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ-ЦААСГҮЙ ТЕХНОЛОГИ

logo
    Гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгын хүрээнд улс хоорондын тээвэрлэлтийг түргэсгэх зорилгоор  Монгол Улсын хилийн боомтод үйл ажиллагаа явуулж буй холбогдох байгууллагуудад  /Гаалийн ерөнхий газар, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/  улсын хилээр нэвтэрч буй бараа, тээврийн хэрэгсэл болон зорчигчид тавих хяналт, шалгалтын үйл ажиллагаагаа боловсронгуй болгох замаар иргэд болон ААН байгууллагуудад үүсч буй зардал, чирэгдэлийг арилгах талаар тодорхой дэвшилтэд ажлыг хийж байна.     

Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг цаасгүй горим /технологи/-д шилжүүлэхийг судлах, практик дээр туршиж нэвтрүүлэх ажлыг хийж гүйцэтгэх зорилгоор 2014.02.11-ний өдөр ГЕГ-ын даргын А/22 тоот тушаал гарч, Хууль сахиулах, худалдааг хөнгөвчлөх газрын дарга Ё.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан юм.

Дээрх ажлыг гаалийн байгууллага өөрсдийн туршлага, хүн хүч, нөөц бололцоонд тулгуурлан хийж буйтай уялдуулан 2014-2015 онд экспортын гаалийн бүрдүүлэлтийг, 2015-2016 онд импортын гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг цаасгүй технологид шилжүүлэхээр төлөвлөн холбогдох програмуудад өөрчлөлт оруулах, шинээр нэмж бий болгох, гаалийн хууль болон журам заавруудад нэмэлт өөрчлөлт оруулах, ажлын байран дээрх сургалт зохион байгуулах замаар заавар зөвлөгөө өгөх зэргээр бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж байна.  

Гуравдугаар сарын сүүлээр Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор экспортлож байгаа нүүрсний гаалийн бүрдүүлэлтэд цаасгүй технологийг нэвтрүүлсэн бөгөөд тавдугаар сарын дунд үеэс эхлэн Дорнод аймгийн Баянхошуу, Сүхбаатар аймгийн Бичигт боомтоор нэвтрүүлж буй газрын тосны гаалийн бүрдүүлэлтэд туршиж, нэвтрүүлэх ажлыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтсээс програмын даалгавар боловсруулан Мэдээлэл технологийн төвтэй хамтран хийж байна.

Гаалийн бүрдүүлэлтийг цаасгүй горимд шилжүүлсэнээр нүүрсний экспорт хийж буй 1 машинаас 11 мянган төгрөгийн хэмнэлт экспортлогч аж ахуйн нэгжүүдэд гарч байгаа юм.