mn GB
Mobile menu

ЭМГЭНЭЛ

Tsend

Доржхандын Цэнд

/1960-2020 он/

Гаалийн ерөнхий газрын даргаар 1996-1998 онд ажиллаж байсан Доржхандын Цэнд нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж бидэнд хүнд гарз учирлаа.

 Д.Цэнд нь 1960 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод Доржхандын хүү болон мэндэлжээ. Тэрээр 1978 онд Улаанбаатар хотын 14 дүгээр сургуулийг онц дүнтэй, алтан медальтай төгсөж, 1978-1984 онд Монгол Улсын Их Сургуулийг Нийгмийн ухааны философич мэргэжлээр суралцан төгсөж, 1984 оноос Орос хэлний багшийн дээд сургуулийн багш, ШУА-д эрдэм шинжилгээний ажилтан, 1991 онд Эдийн засгийн коллежийн анхны үүсгэн байгуулагчийн нэг нь болж, тэнхимийн эрхлэгчээр 1993 он хүртэл ажилласан байна. Ажиллаж байх хугацаандаа давхар Монгол улсын их сургуулийн багш, 1994 оноос “Тус импекс” ХХК-ний захирал, 1996-1998 оны 4 сар хүртэл Монгол улсын Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байлаа. Д.Цэнд нь 1999-2003 он хүртэл Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Худалдаа, Эдийн засгийн зөвлөх, 2004 оноос Үнэт цаасны компанийг үүсгэн байгуулж гадаадын хөрөнгийн бирж дээр амжилттай ажиллаж байгаад 2012 оноос АБИКО ХХК-ний зөвлөх, ТУЗ-ын гишүүнээр тус тус ажиллаж байлаа.

Д.Цэнд нь Гаалийн байгууллагад ажилласан хугацаандаа Гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлтийн технологи арга ажиллагааг боловсронгуй болгож, гадаад худалдааны болон гаалийн орлогын статистик, мэдээллийн аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн гаргаж байв. Мөн гаалийн мэдүүлгийг боловсронгуй болгох чиглэлээр гаалийн үнийн мэдүүлгийг шинээр нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Гаалийн Ерөнхий Газар, Үндэсний статистикийн газартай хамтран 1997 онд гадаад худалдааны гаалийн статистик мэдээллийн аргачлалыг боловсруулан нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулж байжээ. Энэхүү мэдээллийг олон улсын аргачлал, стандартын дагуу гаргах нэг чухал алхамыг хийж гаалийн үйл ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.

Түүний ажлын үр дүнг төр засгаас үнэлж Боловсролын тэргүүний ажилтан тэмдэг, Гаалийн итгэмжит зөвлөх тэмдэг, шатрын төрлөөр “Спортын мастер” тэмдэгээр тус тус шагнагдаж байжээ.

Талийгаачийн хөдөлмөрч, зан чанар, эгэл даруу гэгээн дүр хамт олон бид бүхний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Гаалийн ерөнхий газар

2020.04.14