mn GB
Mobile menu

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН -2020

 MG 6127

Жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг Олон улсын гаальчдын баярын өдрийг тохиолдуулан Гаалийн байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөлгөөнийг 2020 оны 1 дүгээр сарын 23-24-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан бөгөөд уг зөвлөгөөнд Гаалийн ерөнхий газрын болон харьяа гаалийн газар хорооны дарга, удирдлагууд оролцож 2019 оны үйл ажиллагааны үр дүнгээ тайлагнан, 2020 ондоо хийж бүтээх ажлаа төлөвлөж, цаашид гарч буй алдаа дутагдлыг арилгах, урьчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг авах талаар харилцан ярилцаж, туршлагаа солилцлоо.

Монгол улсын гаалийн байгууллага бусад улс орнуудын гаалийн байгууллагын адил Дэлхийн гаалийн байгууллагын багц стандартыг баримтлан дэвшилтэт техник, технологид суурилсан ухаалаг гаалийн хяналтыг зохион байгуулах, гаалийн хяналтын цогц шийдлүүдийг нэвтрүүлж гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгоор 2019 оныг “Дэвшитэт технологи-Ухаалаг хяналт” жил болгон зарлаж Гаалийн төв болон салбар лабораториуд, хилийн боомтуудын цогцолбор, Шуурхай хяналт, удирдлагын төвийн барилгын ажил зэрэг бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, гаалийн шинэчлэлийг амжилттай эхлүүлсэн. Мөн 2019 онд гадаад хамтын ажиллагааны хүрээнд Дэлхий худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор БНХАУ, БНСУ-ын гаалийн байгууллагуудтай "Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж”-ийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн, мөн Монгол-Оросын гаалийн байгууллагуудын стратегийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг дахин 5 жилээр сунгаж, 2020-2024 оны төлөвлөгөөг байгуулсан, БНХАУ-тай хиллэдэг боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор цогцолбор, зам талбайн бүтээн байгуулалтыг өрнүүлэх асуудлыг шийдвэрлэж эхлүүлсэн зэрэг ололт амжилтууд нь гаалийн шинэчлэлийг цаашид амжилттай үргэлжлүүлэх суурийг тавьж чадсан гэж гаалийн байгууллагын дарга онцлон тэмдэглэв.

  MG 6243

Уулзалтад Монгол улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцож үг хэллээ. Тэрээр Гаалийн байгууллага өнгөрсөн онд улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, анх удаа 3,1 их наяд төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэнд баяр хүргэж Засгийн газар, Сангийн яамны нэрийн өмнөөс нийт гаальчидад хандаж талархал илэрхийллээ. Мөн гаалийн байгууллагын боомтуудыг шинэчлэх ажилд онцгойлон анхаарал хандуулж байгаагаа илэрхийлээд 2019 онд улсын төсвөөс 65.3 тэрбум төгрөгийг, 2020 онд 80 тэрбум төгрөг, нийт 145.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Шинэчлэлийн ажлыг зохион байгуулах тал дээр гаалийн байгууллага сайн ажиллаж байгаа гэдгийг онцлон тэмдэглээд цаашдын ажилд нь амжилт хүссэн юм. 

 MG 6159

2020 оныг Монгол Улсын Гаалийн байгууллагаас “ГААЛИЙН ШИНЭЧЛЭЛ-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ 2020” жил болгон тодорхойллоо.