mn GB
Mobile menu

ГААЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ГУРАВДУГААР УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОВ

IMG 2901

Монгол-Оросын гаалийн байгууллагуудаас гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх асуудлаар 2018-2019 онуудад хийсэн ажлын дүнг хэлэлцэж, цаашид энэ чиглэлээр хийх ажлын талаар харилцан санал солилцсон Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн албаны ажлын хэсгийн Гуравдугаар уулзалт 2019 оны 11 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болов.

Хоёр талт ажлын хэсгийн уулзалтыг Монгол-Оросын гаалийн байгууллагын орлогч дарга нар удирдан явуулсан бөгөөд монголын талаас ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид тус уулзалтад оролцсон. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Онон, тус газрын орлогч дарга Л.Очгэрэл, ГЕГ-ын ГХАХ-ийн ГУАБ Ц.Баярмаа нар ажиллав. Оросын талыг ОХУ-ын ХГА-ны орлогч дарга О.Г.Губайдулин даргалсан бөгөөд оросын талаас ОХУ-ын ХГА-ны Контрабандтай тэмцэх ерөнхий газрын Гадаад хамтын ажиллагааны албаны орлогч дарга А.А.Дышлюк, Алс Дорнодын хууль сахиулах гаалийн газрын дарга Е.В.Бавин, тус газрын орлогч дарга А.Л.Кураев, Сибирийн хууль сахиулах гаалийн газрын дарга А.В.Яковлев нар оролцов.

Тус уулзалтаар Талууд дараах асуудлуудыг хэлэлцэн, харилцан санал солилцож шийдвэрлэв. Үүнд:

-       Гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх чиглэлээр 2018-2019 онуудад хийсэн ажлын үр дүн;

-       Зөрчлийн лавлагаа-мэдээлэл солилцох хүрээнд хийсэн ажлын тухай;

-       Хил орчмын хамтын ажиллагааны тухай;

-       Эдийн засгийн гэмт хэрэг болон хар тамхитай тэмцэх чиглэлээр хийсэн ажлын тухай;

-       Монгол Улсын ГЕГ-ын ажилтнуудад зориулан ОХУ-ын Гаалийн Академид зохион байгуулагдах хар тамхины сургалтын тухай.

ОХУ-ын ХГА-ны орлогч дарга бөгөөд оросын талын ажлын хэсгийн дарга О.Г.Губайдулин Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын ХГА-ны ажлын хэсгийн уулзалтыг нээж, хэлсэн үгэндээ гаалийн хууль тогтоомжийн зөрчил болон контрабандтай тэмцэх хүрээний хоёр талт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа нь Орос-Монголын ах дүүгийн нөхөрсөг харилцааны эерэг чиг хандлагатай холбоотой төдийгүй        ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нарын “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай ОХУ,Монгол Улсын хоорондын гэрээ”-нд 2019 оны 9 дүгээр сард гарын үсэг зурснаар цаашид улам бүр идэвхжих болно гэдгийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Орос-Монголын гадаад худалдаа 2018-2019 онуудад 30 гаруй хувиар өссөн бөгөөд ОХУ-ын “Зарубино” усан боомтод баригдах хоёр улсын нүүрсний хамтарсан терминалаар манай хоёр оронд олборлодог нүүрсний нилээд хувийг дамжин тээвэрлэгдэх болно гэдгийг мэдээллэв.

Монгол Улсын ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ, Монгол Улсад 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгууллагдсан ажлын хэсгийн уулзалтаас хойш гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх чиг үүрэгтэй хоёр талын нэгжүүд нэг жилийн хугацаанд нилээдгүй ажлууд хийсэн, одоо ч ажил идэвхтэй, үр дүнтэй үргэлжилж байна гэдгийг онцлов.

Түүнчлэн ОХУ-ын ХГА-ны орлогч дарга Н.Е.Никитины 2011 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Гаалийн зөрчилтэй тэмцэх хүрээнд 2011-2012 онд хамтран ажиллах Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын ХГА хоорондын төлөвлөгөө”-нд анх гарын үсэг зурж байгуулсан тэр үеэс хойш 3 дахь Төлөвлөгөөнд гарын үсэг зурах гэж байгаа нь бидний хийсэн ажлын үр дүн, хамрах хүрээг илтгэж байгааг тэмдэглээд гаалийн зөрчилтэй тэмцэх чиглэлээр монголын гаалийн байгууллагатай нягт холбоотой ажиллаж байгаа ОХУ-ын ХГА-ны Контрабандтай тэмцэх ерөнхий газар, Сибирийн хууль сахиулах газарт Монгол Улсын ГЕГ-ын удирдлагын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

            Тус уулзалтаар Буриадын болон Читийн гаалийн байгууллагууд Алс Дорнодын гаалийн газрын харьялалд шилжсэнтэй холбогдуулан Алс Дорнодын хууль сахиулах гаалийн газрын болон монголын хилийн гаалийн байгууллагын төлөөлөгчдийн хамтарсан уулзалтыг 2019 оны сүүлээр буюу 2020 оны эхээр зохион байгуулах саналыг оросын талаас дэвшүүлснийг монголын тал дэмжив.

Монгол-Оросын гаалийн байгууллагууд улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхэд гардаг гаалийн хууль тогтоомжийн зөрчил, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр бүс нутгийн хэмжээнд төдийгүй улс үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхэд нягт хамтын ажиллагаатай ажиллахын зэрэгцээ улсын хилээр хууль бусаар хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэхтэй тэмцэх чиглэлд онцгой анхаарал хандуулахын чухлыг Талууд санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Ийнхүү тус ажлын хүрээнд хамтарсан тусгай ажиллагаа 2020 онд зохион байгуулж, хэрэгжүүлэхээр Талууд тохиролцов.

IMG 2889

Гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд хар тамхи илрүүлэх чиглэлээр монголын гаальчдыг мэргэшүүлэх, чадавхийг дээшлүүлэх зорилгоор 2017 оны 9 дүгээр сард зохион байгуулсан сургалт маш үр дүнтэй, ач холбогдолтой болсон тул ОХУ-ын ХГА-ны Контрабандтай тэмцэх ерөнхий газраас мэргэжилтэн, шинжээч багшийг Монгол Улсад дахин урьж ажиллуулах сонирхолтой байгааг монголын талаас илэрхийлсэн. Оросын тал монголын талын саналыг нааштайгаар хүлээн авч дэмжиж ажиллахаа мэдэгдэв.

Уулзалтын төгсгөлд монгол-оросын гаалийн байгууллагын орлогч дарга нар “Гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хүрээнд 2020-2021 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын ХГА хоорондын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурав.

Дараагийн уулзалтыг 2020 онд Монгол Улсад зохион байгуулахаар Талууд тохиролцов.

IMG 2951