mn GB
Mobile menu

МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГААЛИЙН ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ХЭСГИЙН III ХУРАЛДААН МОСКВАД БОЛЛОО

123

Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зяньпин нар Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр анх удаа хамтдаа уулзаж, тус уулзалтын үеэр гурван орны төрийн тэргүүн нарын дэвшүүлсэн санал, санаачилгыг гурван орны гаалийн байгууллагууд дэмжин хүлээн авсанюм. Ийнхүү Монгол, Орос, Хятадын гаалийн байгууллагууд 2015 онд гурван талт анхны бичиг баримтуудыг байгуулж “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гаалийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна.

 Тус хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын Хэлэлцээр”Монгол, Орос, Хятадын гаалийн байгууллагын дарга нар гарын үсэг зурсан юм. Тус хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор гурван улсын гаалийн байгууллагын хамтын ажиллагааны ажлын хэсгийн 3 дугаар хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо амжилттай боллоо. Тус хуралдаанд монголын талаас ГЕГ-ын ГХШГ-ын ГУАБ С.Отгонпүрэв,      ГХАХ-ийн ГУАБ Д.Цэндсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож Хоёрдугаар хуралдааны мөрөөр хийсэн ажил, цаашид төлөвлөж буй ажил, тулгамдаж буй зарим асуудлын талаар санал солилцлоо.

Мөн гурван талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гаалийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой, үр өгөөжтэй ажиллах шаардлагатай болохыг хүлээн зөвшөөрч “Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын ХГА болон БНХАУ-ын ГЕГ-ын хамтын ажиллагааны дүрэм”-ийн төслийг эцэслэн боловсруулж, ойрын үед болох Монгол, Орос, Хятадын гаалийн байгууллагын дарга нарын уулзалтын үеэр тус Дүрмийг баталгаажуулахаар талууд санал нэгдсэн юм.

       Гурван талт хэлэлцээрийн үр дүнд МУ-ОХУ-БНХАУ хооронд тээвэрлэж байгаа зарим нэр төрлийн барааны мэдээллийг Монгол-Орос-Хятадын гаалийн байгууллагууд хоорондоо цахим байдлаар солилцох, дамжуулах боломж бүрдэнэ. Түүнчлэн монголын аж ахуйн нэгж, байгуулагууд БНХАУ-аас ОХУ-д, ОХУ-аас БНХАУ-д дамжин өнгөрөх барааг саадгүй, түргэн шуурхай тээвэрлэх таатай нөхцөл бий болох юм.

Монгол Улс, Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын гаалийн байгууллагын ажлын хэсгийн Дөрөвдүгээр хуралдааныг 2019 оны 9 дүгээр сард Монгол Улсын Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.

ГЕГ-ын төлөөлөгчид тус хуралдаанд оролцохоос гадна ОХУ-ын Гадаад хамтын ажиллагааны газар, ОХУ-ын Тээврийн Яамны хилийн боомтын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан төрийн бодлогын газар, Оросын Гаалийн Академийн удирдлагатай хийсэн хоёр талт ажлын уулзалтуудад амжилттай оролцсон юм.