mn GB
Mobile menu

“УЛСЫН ХИЛЭЭР БАРААГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛ” ИЛТГЭЛ ШАГНАЛТ БАЙРАНД ШАЛГАРЛАА

IMG 0189

Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах газар үүсгэн байгуулагдсан 80 жилийн ойн арга хэмжээний онол, практикийн бага хурал 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдаж хууль хяналтын байгууллагууд болох Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас нийт гуч гаруй төлөөлөгчид оролцсон байна. Уг онол, практикийн бага хуралд 8 хүн өөрсдийн судалгааны ажлыг танилцуулж илтгэл тавьснаас 3 хүний илтгэлийг шалгаруулж шагнасан юм. Гаалийн байгууллагыг төлөөлж ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хэрэг бүртгэх албаны дарга Ч.Эрдэнэбат амжилттай оролцож түүний “УЛСЫН ХИЛЭЭР БАРААГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛ” сэдэвт илтгэл шагналт байранд шалгарсан байна.

Түүний илтгэлд Монголын гаалийн байгууллага эдийн засгийн ашиг сонирхол, нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд ямар түвшинд байгааг дүгнэхийн тулд эрүүгийн хэргийн бүх шатны шүүхээс 2011-2018 онд гарсан тогтоолын шийдвэрлэлтэд шинжилгээ хийж, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалахад гаалийн байгууллагын гүйцэтгэх оролцоог хөндсөн байна.

Мөн түүхэн уламжлал, судлагдсан байдалд шинжилгээ хийж “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, гаалийн болон бусад татвараас зайлсхийх гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, зааглан ялгаж, эрүүгийн эрх зүйн арга хэрэгслээр тэмцэх явдлыг боловсронгуй болгох, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний хүрээнд гаалийн хууль тогтоомж зөрчиж, гаалийн болон бусад татвараас зайлсхийх явдлыг Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулах, системчлэх, цогц байдлаар судлах хэрэгцээ, шаардлага бий болж байгааг” анхаарах асуудлын нэг гэдэг дүгнэлт саналыг дэвшүүлжээ. Улмаар бичигдсэн сэдвийн хүрээнд Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд илтгэлийн зарим бичвэрийг оруулахаар шийдвэрлэсэн юм.