mn GB
Mobile menu

Гаалийн байгууллагын өнөөгийн байдал

Гаалийн байгууллагын үүрэг роль 21 дүгээр зуунд шинэчлэгдэн өөрчлөгдөж, улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлэх уламжлалт үүргээсээ гадна улс орны үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэх боллоо.

Гаалийн үйл ажиллагааг явуулах эрх зүйн шинэчлэлт үндсэндээ хэрэгжиж, гаальчид үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, улсын төсвийг бүрдүүлэх үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Гаалийн байгууллага өнөөдрийн байдлаар 40 орчим тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 4 орчим тэрбум төгрөгийн төсвийн урсгал зардалтай, 1200 ажиллагсадтай байна. 2007 оны байдлаар гаалийн нэг ажилтан 429.1 сая төгрөгийг улсын төсөв оруулсан нь гааль нэг төгрөгийн зардал гаргаад 160 төгрөгийн орлого олсон тооцоо хийхэд хүргэж байна.

Гаалийн байгууллагыг захиргааны байгууллага бус, үйлчилгээний байгууллага болгоход илүү анхаарч байгаа бөгөөд мэдээллийг олон түмэнд хүргэх боломжууд, тухайлбал, гаалийн вебсайтаар дамжуулан гаалийн хууль тогтоомж, дүрэм, журамтай танилцах, сонирхсон асуултандаа хариулт авах, зөвлөгөө авах, түүнчлэн электрон шуудан, нээлттэй утсаар дамжуулан гаалийн байгууллагатай харьцаж, аливаа хүнд суртал, чирэгдлийн талаар цаг алдалгүй мэдээлэх боломжийг бүрдүүлж байна.

Гаалийн шинэчлэл модернизацийн төслийг Азийн хөгжлийн банк болон Солонгосын засгийн газрын тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд дээрх төсөл нь гаалийн тухай шинэчилсэн хуулийг хэргэжүүлэх техник, технологийн таатай хөрс суурийг бүрдүүлсэнээр манай гаалийн байгууллагын үйл ажиллагаа 2010 оны 3-р сараас бүрэн автоматчлагдаж, цаасгүй бүрдүүлэлтийн системд шилжээд байна.

Улс төрийн орчин

Монгол Улсын Их Хурлын ээлжит тав дахь удаагийн сонгуулийн дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн Газар нь тэргүүлэх чиглэл, зорилтуудаа тодорхойлж хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр гаргаад байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь улс орны нийгэм, эдийн засаг, улс төр, байгаль орчин, бүс нутгийн хөгжил болон нийгмийн бүхий л бүлэг давхаргын асуудлыг хамарсан байна.

Гаалийн байгууллага нь улс төрийн намын харьяаллаас ангид боловч үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, зорилт нь Монгол Улсын хөгжлийн хэтийн зорилгод хувь нэмэр оруулах үүргийнхээ хүрээнд “Транзит Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх, авилга хүнд суртлаас ангид, хариуцлагатай улс төрийн ардчилсан тогтолцоог хөгжүүлэх” зэрэг чиглэлүүдтэй салшгүй хамааралтай бөгөөд дараах улс төрийн орчин бүрдсэн нь гаалийн байгууллагын үйл ажиллагааны стратегийг боловсруулахад түлхэц өгсөн улс төрийн дотоод орчин нөхцөл юм.

Зэргэлдээх орнуудтайгаа сайн хөршийн харилцаатай, дэлхийн нөлөө бүхий орнуудын дэмжлэг, итгэлийг олж авсан, олон улсын гол гол байгууллагын бүрэн эрхт гишүүн зэрэг нь улс төрийн гадаад таатай орчныг бүрдүүлж байгаа юм.

Даяарчлалын үйл явц хурдацтай тэлэх тутам олон улсын худалдааны аюулгүй байдлыг хангах, түүнчилэн дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа зохион байгуулалттай гэмт хэрэг, худалдааны луйвартай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, байгал экологийн тэнцвэртэй байдлыг хангахад бусад орны Гаалийн байгууллагууд гол үүрэгтэй оролцох болсон нь шинэ зууны шинэчлэлийн дүр төрхийг тодорхойлж байна.

Эрх зүйн орчин

Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдаж, ардчилал шинэчлэлийн үйл явц эрх зүйн баталгаатай нийгэмд цоо шинэ орчин бүрдсэнээр зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих, юуны өмнө албан татвар, гааль, өмч хувьчлал, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжийн дампуурлын тухай хуулиудыг батлан гаргаж, шилжилтийн үйл явц гүнзгийрэх тутам тэдгээрийг шинэчилж байна.

Өнөөгийн байдлаар Монгол Улсын Засгийн Газрын тухай хууль, Төрийн албаны тухай, Гаалийн болон гаалийн тариф, татварын тухай хуулиуд, Албан татварын Ерөнхий хууль, Төсвийн хуулиуд болон Засгийн газрын тогтоол, УГЕГ-аас баталсан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зэрэг гаалийн байгууллага түүний үйл ажиллагааг зохицуулсан 150 гаруй хууль эрхийн акт мөрдөгдөж байна.

Түүнчлэн гаалийн байгууллага гаалийн холбогдолтой “Барааг тодорхойлох, кодлох уялдсан системийн тухай олон улсын конвенц”, “Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенц”, “Барааг түр хугацаагаар оруулах тухай Конвенц”, “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц”, “ТИР карней ашиглан олон улсын хэмжээнд бараа тээвэрлэх тухай конвенц”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын конвенц”, “Дипломат харилцааны тухай Венийн Конвенц”, “Олон улсын хэмжээнд бараа худалдах, худалдан авах гэрээний тухай НҮБ-ийн конвенц” зэрэг олон конвенцийг хэрэгжүүлдэг.

Гаалийн эрх зүйн шинэчлэлтийн хүрээнд 1996 онд батлагдсан “Гаалийн тухай” болон “Гаалийн тарифын тухай” хуулиудыг шинэчлэн найруулж, УИХ-аар батлуулан, 2008 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Гаалийн шинэ хуулиудыг хэрэгжүүлэх журмуудыг цөөрүүлж, шинэчлэн боловсруулах, батлуулах, мөрдөх ажил хийгдэж эхлээд байна.

Эдийн засгийн орчин

Манай улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэн нь гадаад худалдаагаа өргөтгөх, худалдааны салбарыгзах зээлийн нийтлэг жишигт оруулахад чухал алхам болсон. Гадаад худалдааны эргэлт жилээс жилд нэмэгдэж, макро эдийн засгийн орчин тогтворжих хирээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн өсөлтийг түргэсгэхэд гаалийн байгууллагын үүрэг нэмэгдэж ирлээ.

2000 оноос хойш гадаад худалдааны эргэлт огцом өсч 1.1 тэрбум ам. доллар байснаа 2008 оны урьдчилсан гүйцэтгэлээр 5 тэрбум ам. долларын босго давах тооцоо байна. Монгол улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд ихээхэн тэлж, дунджаар 9 орчим хувиар өсч байна. Цаашид өсөлтийг тогтвортой байлгах, бизнесийн таатай орчныг бий болгох, худалдааг хөнгөвчлөх тал дээр гаалийн байгууллага ихэд анхаарч байна.

Монгол улс гадны импортоос бүрэн хараат, тэр дундаа стратегийн гол нэрийн бүтээгдхүүн, хүнсний барааны хувьд нэг орноос хамааралтай байгаа нь эдийн засгийн аюулгүй байдал алдагдах аюулыг дагуулж байгаа учраас цаашид ялгавартай тарифын бодлого явуулах, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих, хямд чанаргүй бараагаар зах зээлээ дүүргэхийн эсрэг демпингийн эсрэг татвар ногдуулах зэрэг асуудлаар судалгаа хийж байна.

Ялангуяа экспортын барааны нэр төрлийг олшруулах, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай монгол брэндийн үйлдвэрлэх, үйлдвэржилтийн бодлогоор ард түмнийхээ аж амьдралыг дэмжиж, түүхий эд экспортлогч бус, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орон болоход гаалийн байгууллага дэмжих болно.

Гадаад худалдааг хилийн 30 гаруй гаруй боомтоор голлон хийж байгаа хэдий ч чанар, стандарт, ариун цэвэр, ургамлын болон мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлагатай. Экспорт, импортын барааны 90 орчим хувь нь Алтанбулаг, Сүхбаатар, Замын-Үүдийн боомтоор дамжин ирж, барааг алс тээвэрлэж өртөг зардлыг нь ихээхэн нэмэгдүүлж байгаагаас гадаад худалдааны үр ашиг, иргэдийн худалдан вах чадварт сөргөөр нөлөөлж байна. Нөгөөтэйгүүр дотоодод худалдан авах чадвар сул байгаагаас чанарын баталгаагүй импортын бараа голлох хандлагатай байна. Мөн хөдөө орон нутагт үйлдвэрлэл худалдааны зохистой орчин бүрдээгүйгээс аж ахуйн нэгж байгууллага иргэд, иргэд мал аж ахуйн түүхий эд, байгалийн нөөц баялагт үрэлгэн хандаж, гадаадад хямд үнээр борлуулах нөхцлийг бүрдүүлж байна.

Олон улсын гаалийн орчин

Гаалийн байгууллагын үүрэг роль 21 дүгээр зуунд гадаад худалдааны орчин, худалдааг хөнгөвчлөх шаардлага болон нийгмийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр өргөжсөний дээр даяаршлын нөлөөгөөр улс орны хил хязгаар хүрээгээ тэлж, дэлхийн гүрнүүдийн харилцан хамаарал өмнөх зууны эхэн үетэй харьцуулахад асар ихээр нэмэгдсэнтэй холбоотойтойгоор үндсээрээ өөрчлөгдөж ирсэн гэж болно.

2008 оны 6 дугаар сард явагдсан Дэлхийн гаалийн байгууллагын Зөвлөлийн 111/112 дугаар чуулганаар 21 дүгээр зуунд гаалийн баримтлах бодлогыг баталсан билээ. Энэхүү бодлогын бичиг баримтад хоёр үндсэн суурь асуудал хөндөгдөж байгаа бөгөөд энэ нь дэлхийн хэмжээний сүлжээнд орсон гааль /globally-networked customs/ болон хилийн хяналтын менежментийг сайжруулах /coordinated border management/ асуудлууд юм.

Энэ баримт бичигт орчин үеийн гаалийн үйл ажиллагааг боловсронгуй болгох арван чиглэлийг тодорхойлсон юм. Үүнд:

1. Дэлхийн хэмжээний сүлжээнд орсон гааль
2. Илүү сайн уялдаа холбоотой хилийн менежмент
3. Мэдээлэлд тулгуурласан эрсдэлийн менежмент
4. Гааль худалдааны хүрээнийхний түншлэл
5. Ажлын орчин үеийн арга барил, журам дүрэм, ажиллагааг хэрэглэх
6. Технологийн дэвшил, арга хэрэгслийг ашиглах
7. Ажлаа явуулах эрх мэдэлтэй байх
8. Мэдлэгт суурилсан мэргэжлийн өндөр ур чадвартай үйлчилгээг үзүүлэх соёл
9. Гаалийн байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх
10. Авлигаас ангид байх

21 дүгээр зууны гааль бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлэхдээ ДГБ-ын олон жилийн туршид хуримтлуулж ирсэн гаалийн арга ажиллагааны баялаг туршлага, мэдлэгийг бодлого боловсруулагчид, гаальтай хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжийн хүртээл болгож, тэдэнд нөлөөлөх зорилготой. 21 дүгээр зууны гаалийн бөримтлах 10 асуудлын хувьд ДГБ хэд хэдэн конвенц, бичиг баримт, зөвлөмжийг боловсруулан гаргаж, гаалийн байгууллагуудын шилдэг туршлагыг эмхэтгэн гаргаад байгаа юм.

21 дүгээр зууны гааль баримт бичгийг хэрэгжүүлэхийн тулд ДГБ хэд хэдэн асуудалд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тухайлбал, гаалийн итгэмжит аж ахуйн нэгж/Authorized Economic Operator/ийн стандартыг 2005 онд баталсан боловч үүнийг одоо хүртэл хэрэгжүүлж эхлээгүй гишүүн орнууд олон байна.

Түүнчлэн саяхныг хүртэл ДГБ болон түүний гишүүн орнууд импортын бараанд хамаарах асуудлыг түлхүү анхаарч байсан бол гадаад худалдааг хөнгөвчлөх, түүний аюулгүй байдлыг хамгаалах Багц стандартыг хэрэгжүүлж эхэлснээр бараа нийлүүлэлтийн сүлжээний бүхий л шат, экспорт болон транзитад зайлшгүй анхаарах болсон байна. Мөн гаалийн байгууллагад өөрчлөлтийн менежментийг хэрэгжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг асуудал ч анхаарлын төвд байх ёстой гэж үзэж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд ДГБ гааль бизнесийн түншлэлийг дэмжиж, бусад олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиуд болон хувийн сектортой хамтран ажиллаж, өөрчлөгдөж буй худалдааны нөхцөлд тохирсон эрх зүйн баримт бичиг боловсруулах, судалгаа хийхэд тэдний туслалцааг авахаар төлөвлөж байна. Ялангуяа гаалийн байгууллагын чадавхийг үр ашигтайгаар бэхжүүлэх нь стратегийн шинэ чиглэлийг тогтооход тун чухал гэж үзэж байна.

Чадавхийг бэхжүүлэх ажилд стандарт тогтоох, тухайн орны онцлогийг харгалзан үзэх, тулгамдсан болон цаашид гарч ирэх хэрэгцээг хангах, хүрсэн түвшинд нь дүн шинжилгээ хийж, үнэлж дүгнэх хэрэгтэй байгаа юм. Бүс нутгийн чадавхийг бэхжүүлэх офис /Regional Offices for Capacity Building/ болон бүс нутгийн сургалтын төв /Regional Training Centers/-ийг ийм зорилгоор ашиглаж, тусгайлан бэлтгэгдсэн экспертүүдийг дээрх зорилгоор томилон ажиллуулж болно. Чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц хөрөнгө мөнгө, санхүүжилт хэрэгтэй.

Гаалийн мэдээллийн автоматжуулалт

2008 онд гаалийн мэдээллийн автоматжуулсан системийг боловсронгуй болгож, электрон гаалийг хөгжүүлэх төслийг Азийн хөгжлийн банк, Солонгосын засгийн газрын тусламжтайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төсөл 2010 он хүртэл хэрэгжих бөгөөд гаалийн мэдээллийн автоматжуулалтыг хөгжингүй орны түвшинд хүргэх, гаалийн дэд бүтэц, хяналтын техник хангамжийг сайжруулах, гаалийн лабораторийг өргөжүүлэх зорилготой.

Ингэснээр гаалийн байгууллага бүрэн шинэчлэгдэж, хүнд суртал гаргах, хүнийг чирэгдүүлэх явдал арилж, гаалийн байцаагчтай нүүр тулж үйлчлүүлэх хэрэгцээгүй болж, интернет бүрдүүлэлтийг нэвтрүүлж, гадаад худалдааг хөнгөвчлөх зорилт биелэгдэнэ. Түүнчлэн энэ төслийн хүрээнд боловсон хүчнийг сургах, аажмаар цаасгүй бүрдүүлэлтэд шилжих, гаалийн хяналтын тоног төхөөрөмжийг шинэчлэх, ложистик терминалиуд байгуулах зэргээр гаалийн байгууллагын чадавхи ихээхэн хэмжээгээр нэмэгдэх юм. Түүнчлэн 2010 хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэлийг Дэлхийн гаалийн байгууллагатай хамтран боловсрууллаа.

Бид гаалийн хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаалийн холбогдолтой дүрэм журмыг ил тод, ойлгомжтой, нэг мөр байдлаар хэрэглэх, гаалиар үйлчлүүлэгч байгууллага, бизнесийн хүрээнийхний саналыг дүрэм журам боловсруулахдаа тусгах, гааль бизнесийн түншлэлийг өргөжүүлэхийн тулд зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж ирлээ.

Цаашид улам нээлттэй гааль болохын тулд гаалийн шууд утас 1281-ийг ажиллуулж иргэд, аж ахуйн нэгжийн сонирхсон асуултад мэргэжлийн зөвлөлгөөг үнэ төлбөргүй хүргэж байна. Энэ утсаар мөн ажилтнуудын ажлын үзүүлэлт, амжилт ололт, дутгадлын талаар мэдээлэл өгч болох юм. Бид үйлчлүүлэгчдээ илүү ойр дотно байж тэдэнтэй хамтран гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, авлига, хүнд суртлаас ангид байж болно гэдэгтээ итгэлтэй байна.

Эрх зүйн шинэчлэлт

1996 онд батлагдсан Гаалийн тухай болон Гаалийн тариф татварын тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-иар батлуулан 7 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж эхэллээ.

Эдгээр хууль Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай Киотогийн конвенцид үндэслэсэн бөгөөд энэ конвенцид Монгол улс 2006 нэгдэн орсон юм. Шинэчлэн найруулсан гаалийн болон гаалийн тарифын хууль гадаад худалдаанд учрах саад тотгорыг багасган, худалдааг хөнгөвчлөх, импортыг хямдруулах, бүрдүүлэлтэд зарцуулагдах цаг багасах эрх зүйн боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, журам, дүрмийн давхардлыг арилгах, бичиг баримтыг цөөлөх, энгийн ойлгомжтой болгох, хуулийн хүрээнд гаалийн үйл ажиллагааны менежментийн төвлөрлийг сааруулах, харьяа газар хороонд зарим эрх мэдлийг өгөхөд анхаарч ирлээ.