mn GB
Mobile menu

Дэргэдэх байгууллагууд

Сургалт, судалгааны төв

Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газрын дэргэдэх Судалгаа, хөгжлийн төв нь 1991 онд Сургалт Судалгааны Төв нэртэйгээр байгуулагдан, өнгөрсөн 20 жилийн хугацаанд үйл ажиллагаа нь өргөжин, өнөөдөр гаалийн байгууллагын хөгжлийн чиг хандлага, шинэ үеийн гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн судалгааны ажил эрхлэх, арга зүйг боловсруулах, гаалийн ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээ-судалгааны нэгж болон ажиллаж байна. Тухайлбал 1996 онд “Сургалт, судалгааны төв”, 2001 онд “Гааль, эдийн засгийн коллеж”, 2005 онд “Гааль, эдийн засгийн дээд сургууль”, 2010 онд “Судалгаа, хөгжлийн төв” болон хөгжиж эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт явуулах цахим сургалтын иж бүрэн лаборатори, номын сан, лекц семинарын танхим зэрэг материаллаг орчин, хүний нөөцийн чадавхиа бэхжүүлэн гаалийн албаны мэргэшсэн чадварлаг, ёс зүйтэй гаальчдыг төлөвшүүлэх зорилтыг ханган ажиллаж байна.

Төв нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд гаалийн удирдах төв байгууллагын нэгж болон харьяа газар, хороодтой хамтарч баг бүрдүүлэн судалгаа хийх, түүнчлэн газар хороодыг судалгааны арга зүйн болон мэргэшлийн удирдлагаар хангах, удирдан зохион байгуулах, судалгааны ажлын үр дүнг нэгтгэх, гаалийн байгууллагын хөгжил болон чадавхи, гадаад худалдааны асуудлаар гарын авлага, аргачлал, товхимол зэрэг бүтээл гаргаж хэвлүүлэх, нийтлүүлэх, Дэлхийн Гаалийн байгууллага, Дэлхийн Худалдааны Байгууллага болон олон улсын бусад байгууллага, гадаад улс орнуудын гааль судлалын баримт бичиг, гаалийн хөгжил дэвшил, хяналтын арга ажиллагаатай холбоотой технологи, шинжлэх ухааны ололт амжилт, туршлагыг судлах зэргээр үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн хугацаанд 30 гаруй судалгааны бүтээл, сурах бичиг, гарын авлага, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж олны хүртээл болгохын зэрэгцээ, “Гадаад худалдаа гаалийн удирдлага” мэргэжлээр сургалт явуулан 250 хүнд бакалаврын, 24 хүнд боловсролын магистрын зэрэг олгосон.

Мөн аж ахуй нэгж, байгууллагын хүсэлтээр гаалийн үйл ажиллагаа, технологийн чиглэлээр захиалгат сургалтыг тогтмол зохион байгуулж байна.

Гаалийн төв лаборатори

МУГЕГ-ын дэргэдэх Гаалийн лаборатори нь гаалийн ерөнхий газрын даргын 1996 оны 11-р сарын 01-ний өдрийн №358 тушаалаар анх байгуулагдсан бөгөөд улсын хилээр нэвтрүүлж буй барааг гаалийн зорилгоор шинжилж, тухайн барааны тарифын ангиллын кодыг Дэлхийн гаалийн байгууллагаас баталсан “Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем”-ийн тухай олон улсын Конвенцийн дагуу тодорхойлох, мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисыг таньж илрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус лаборатори нь 2003 оноос хойш Стандартчилал, хэмжил зүйн газраас 4 дэх удаагаа итгэмжлэгдэн дараах төрлийн шинжилгээ хийх итгэмжлэгдсэн лабораторийн эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

· Хар, тамхи мансууруулах болон сэтгэц нөлөөт бодис
· Химийн бодис /тэсрэх бодис/
· Согтууруулах ундаа
· Тамхи, тамхин бүтээгдэхүүн
· Нефтийн бүтээгдэхүүн
· Ноос ноолуур, ширхэгт материал, ээрмэл
· Эрдэс түүхий эд

2003, 2010 онд Азийн Хөгжлийн банкны төслийн дагуу 1,6 сая долларын үнэ бүхий орчин үеийн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэн бөгөөд Хийн хромато - масс спектрометр, Нил улаан туяаны спектрометр, IONSCAN - 400B, XRF - Рентген флоуресценци, UV - Хэт ягаан туяаны спектрометр, Ноос ноолуур, малын гаралтай ширхэгтийн голч тодорхойлох хагас автомат багаж, Ээрмэлийн децитекс тодорхойлох ороох төхөөрөмж, Даавууны 1м2-ийн жин тодорхойлох багаж зэрэг орчин үеийн өндөр мэдрэмжтэй шинжилгээний багаж төхөөрөмжөөр сорилт, шинжилгээ хийж байна.

Салбар лабораторийн талаар

Гаалийн төв лаборатори нь өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн, гадаад худалдааг дэмжих, гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааг хэмнэх, бизнес эрхлэгчдэд хөнгөн шуурхай үйлчлэх зорилгоор Замын-Үүд ГГ, Сэлэнгэ ГГ, Баян-Өлгий ГГ, Чойр дахь ГС, Дорнод дахь ГГ, Бичигт ГХ-нд 6 салбар лабораториудыг байгуулан ажиллуулж, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллаж байна.

Гаалийн салбар лабораториудад согтууруулах ундаа, түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүн, хайлуур жонш, химийн бодис, хар тамхи, мансууруулах бодисыг тус тус шинжлэн, ангиллын кодыг тодорхойлон дүгнэлт гаргаж байна.

Гаалийн салбар лабораториудыг байгуулснаар гадаад худалдааг хөнгөвчилж, гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааг 2-3 дахин багасгаж, бизнес эрхлэгчдэд хурдан шуурхай үйлчлэхэд чухал ач холбогдолтой болсон.

Мэдээллийн технологийн төв

Мэдээллийн технологийн төв /МТТ/ гаалийн байгууллагын мэдээллийн технологийн бодлогыг тодорхойлж бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд оршино. МТТ-ийн төвийн үндсэн чиглэл нь гаалийн үйлчилгээг ил тод, хүнд сурталгүй, шуурхай үзүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд мэдээллийн дэвшилтэт техник, технологийн ололтыг нэвтрүүлэх, “Цахим Гааль” – ийг хөгжүүлэх явдал юм.

Ингэхдээ:

· Гаалийн байгууллагын системийн хэмжээний үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлж хэрэгжүүлнэ.
· Гаалийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа хэрэглээний програм хангамжуудыг боловсруулах, туршиж зүгшрүүлэх, нэвтрүүлэх замаар хөгжүүлнэ.
· Гаалийн мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгож, өргөжүүлэн хэвийн, найдвартай ажиллагааг хангаж ажиллана. Гаалийн системийн хэмжээнд ашиглагдаж байгаа програм хангамжуудын хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллана.
· Мэдээллийн технологийг гаалийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхдээ Дэлхийн Гаалийн Байгууллагын стандарт зөвлөмжүүд болон, бусад орны хэрэгжүүүлж буй дэвшилтэд систем, технологид нийцүүлэн тэдгээрийн түвшинд хүргэх чиглэлийг баримтална.
· Гаалийн газар, хороодын мэдээллийн технологийн чиглэлийн үйл ажиллагааг мэргэжлийн арга зүйн удирдлага, заавар, зөвлөмжөөр хангаж ажиллана.

Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар

Гаалийн харилцаанд оролцогчдын экспорт, импортын үйл ажиллагааг гаалийн зорилгоор нягтлан шалгах, үнэлэлт дүгнэлт өгөх, худалдааны луйвраас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагааг хийхээр байгуулагдан ажиллаж байна.

Үйлчилгээ, аж ахуйн алба

Гаалийн байгууллагын хөрөнгө оруулалтын хэрэгцээ, үндэслэлийг тодорхойлох, байгууллагын урсгал төсвийн төлөвлөлт, зохицуулалт, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн удирдлагаар хангах, санхүү мөнгөний менежмент, үр ашгийг дээшлүүлэх, үндсэн хөрөнгө, барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Эрэлч нохойн тасаг

Эрэлч нохойн алба одоо 50 нохойтой, шаардагдах тооны нохой сургагчтай бөгөөд өөрийн гэсэн байртай. Тусгай сургалтад хамрагдаж, шалгалтыг давсан нохойг гаалийн хяналт шалгалтын зорилгоор агаарын тээврийн хэрэгсэл, авто тээврийн хэрэгсэл, галт тэрэг, суудлын вагон, чингэлэг, шуудан илгээмж, зорчигчдын гар тээш зэрэгт хориглосон, хязгаарласан барааг нуусан үйлдлийг илрүүлэх зорилгоор ашигладаг.

Тусгай сургалтад хамрагдсан немц овчарк, спанель, лабрадор үүлдрийн нохдыг ашиглан спирт, ноолуур, тарваганы арьс, хар тамхи, мансууруулах бодисыг тухай бүр нь илрүүлж, хяналт шалгалтыг оновчтой, чанартай болгосноор гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

Эрэлч нохой сургагчдыг Казахстан, Узбекистан, Япон, Азербайджан, Унгер зэрэг улсын эрэлч нохой сургалтын төвд сургаж дадлагажуулсны дээр зарим нохойг тэндээс худалдаж авсан юм. Мансууруулах бодисыг илрүүлэх чиглэлээр дагнан ажиллах нохой сургах, нохойн тоног хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх, нохой сургалтын төвийн материаллыг баазыг бэхжүүлэх чиглэлээр төсөл боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд 2012 он гэхэд одоо байгаа нохойны тоог нэг дахин нэмэгдүүлэх, гаалийн газар хороо бүрт нохой хөтлөгчийн орон тоог нэмэх шаардлагатай байна.