mn GB
Mobile menu

ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН ГААЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-ЫН МОСКВА ХОТОД АЖИЛЛАВ.

1

ОХУ-ын Холбооны гаалийн албаны урилгаар МУ-ын ГЕГ-ын дарга Б.Асралт тэргүүтэй монголын гаалийн төлөөлөгчид “Гаалийн алба-2016” олон улсын XVII үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцах, ОХУ-ын  Холбооны гаалийн албаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан гаалийн байгууллагын дарга нарын дугуйн ширээний ярилцлагад оролцохоор 2016 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Москва хотод ажиллав.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, ГЗТГ-ын дарга Б.Онон, ГХАХ-ийн ГУБ Ц.Баярмаа нар ажилласан.

Тус ажлын хүрээнд монгол-оросын гаалийн хамтын ажиллагааны цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж, өмнөх уулзалтуудаар хоёр талын гаалийн байгууллагын хооронд тохирсон ажлуудын хэрэгжилтийн үйл явцыг хэлэлцэх, хэрэгжилт хангалтгүй байгаа ажлуудыг цаашид эрчимжүүлэх талаар санал солилцох зорилгоор МУ-ын ГЕГ, ОХУ-ын ХГА-ны өндөр түвшний төлөөлөгчдийн уулзалт 2016 оны 10-р сарын 24-ны өдөр ОХУ-ын Холбооны гаалийн албанд болов.

Хоёр талт уулзалтаар доорх асуудлуудаар санал солилцож, тохиролцоонд хүрэв:

1.БНУзбУ-ын Ташкент хотноо 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр монгол-орос-хятадын гаалийн байгууллагын удирдлагууд гарын үсэг зурсан “Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын Хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд техникийн бэлтгэл хангах гурван талт шинжээчдийн уулзалтыг Москва хотод 2017 онд зохион байгуулах тул МУ-ын ГЕГ-ын төлөөлөгчдийг оролцохыг оросын тал урив.

2.ОХУ-ын Уфа хотноо 2015 оны 7 дугаар сарын 9-ны өдөр монгол-оросын гаалийн байгууллагын дарга нар гарын үсэг зурсан “Тодорхой нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх МУ-ын ГЕГ, ОХУ-ын ХГА хоорондын Протокол” болон “Гаалийн хяналтын үр дүнг сайжруулах зорилгоор рентген тоног төхөөрөмжийн тусламжтай авсан мэдээллийг солилцох тухай МУ-ын ГЕГ, ОХУ-ын ХГА хоорондын Хэлэлцээр”-ийн хүрээнд мэдээлэл солилцох үйл ажиллагааг ойрын үед эхлүүлэх, цаашид туршилтын журмаар мэдээлэл солилцох шаардлагатай байгааг уулзалтын явцад хоёр тал онцлов. Түүнчлэн мэдээллийн солилцоог эхлүүлэх бэлтгэл хангахад шаардлагатай техникийн асуудлыг хэлэлцэх болон Монгол-Оросын хилээр нэвтрүүлж байгаа бараа, тээврийн хэрэгслийн мэдээллийг цахимаар солилцох Техникийн нөхцөл /хувилбар 1.0/-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар оросын талтай санал солилцох хүсэлтэй байгааг монголын тал мэдэгдэв. МУ-ын ГЕГ-ын Мэдээллийн технологийн төв болон ОХУ-ын ХГА-ны Мэдээллийн технологийн гаалийн төв газрын экспертүүдийн хооронд 2016 оны 11 дүгээр сард видео хурал зохион байгуулах монголын талын саналыг оросын тал дэмжив.

3.“МУ болон ОХУ-ын нутаг дэвсгэрт түр хугацаагаар нэвтрүүлсэн зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийн мэдээллийг солилцох дүрэм”-ийг ойрын үед байгуулж, монгол-оросын улсын хилээр түр хугацаагаар нэвтрүүлээд буцаж гараагүй зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг хоорондоо даруй солилцож эхлэх шаардлагатай байгааг оросын тал онцлов. Түүнчлэн МУ-аас ОХУ-д түр хугацаагаар оруулаад буцаж гаргаагүй зорчигчийн хувийн 774 тээврийн хэрэгслийн асуудлыг оросын тал хөндөж ярьсан бөгөөд тус Дүрмийг байгуулснаар мэдээлэл солилцоо шуурхай болж, хоёр талын хамтын ажиллагаа сайжрахыг онцлов.

4. Монгол-оросын гадаад худалдааны гаалийн статистикийн зэрэгцүүлэлт хийх шинжээчдийн уулзалтыг гурван жилд нэг удаа хийж байх болон хоёр талын шинжээчдийн уулзалтыг ОХУ-д 2018 онд зохион байгуулахыг оросын тал монголын талд санал болгов. /Өмнөх уулзалт 2015 оны 6-р сарын 30-ны өдрөөс 7-р сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болсон/

ГЕГ-ын зүгээс оросын талын саналыг дэмжиж байгаа гэдгийг илэрхийлсэн.

5.“Монгол-оросын улсын хил дээр олон улсын автозамын Алтанбулаг-Хиагт хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангахад хамтран ажиллах тухай МУ-ын ГЕГ, ОХУ-ын ХГА хоорондын Протокол”-ын төслийг үзэглэв. 

2

6. ОХУ-ын Холбооны гаалийн албанаас монголын гаалийн байгууллагад техникийн туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд “Шевроле-Нива” маркийн 7ш. суудлын машин бэлэглэх асуудлын талаар ОХУ-ын Засгийн газрын шийдвэр хүлээж байгаа тухай оросын тал мэдээллэв. Эрх бүхий байгууллагын шийдвэр гарсаны дараа монголын талд машинуудыг хүлээлгэн өгөх болно гэдгийг оросын тал мэдэгдэв.

Түүнээс гадна Монгол-Оросын хилийн боомтыг тоног төхөөрөмжөөр бэхжүүлэхэд, гаалийн хяналтыг түргэн шуурхай зохион байгуулахад оросын талаас гаалийн хяналтын тоног төхөөрөмжийг монголын гаалийн байгууллагад нийлүүлэх боломжтой эсэх асуудлыг монголын талаас тавив. Одоогоор гаалийн хяналтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн туршилтын үе шат дуусаагүй тул цаашид үйлдвэрлэл жигдрэхэд энэ асуудлыг монголын талтай эргэж ярилцахад бэлэн байна гэдгийг оросын тал илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд МУ-ын ГЕГ-ын дарга Б.Асралт ОХУ-ын ХГА-ны дарга В.И.Булавинд ОХУ-ын ХГА-ны 25 жилийн ойн баярын бэлгийг гардуулж, ОХУ-ын ХГА-ны даргыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлан ирэхийг урив.

МУ-ын ГЕГ-ын дарга Б.Асралт тэргүүтэй монголын гаалийн төлөөлөгчид 2016 оны 10-р сарын 25-ны өдөр “Гаалийн алба-2016” олон улсын XVII үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. ОХУ-ын Сангийн сайд А.Силуанов үзэсгэлэнг нээж, ОХУ-ын Холбооны гаалийн албаны 25 жилийн ойд зориулсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевийн баярын мэндчилгээг уншиж танилцуулж, нээлтийн тууз хайчлав.

Тус үзэсгэлэнгийн хүрээнд ОХУ-ын Холбооны гаалийн албаны Контрабандтай тэмцэх газар, Эрэлч нохойн алба, Криминалистик шинжилгээний төв, Оросын Гаалийн Академи зэрэг томоохон байгууллагууд өөрийнхөө үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулснаас гадна ОХУ-ын Холбооны гаалийн албаны харьяа 20 гаруй гаалийн байгууллагууд үйл ажиллагааныхаа талаар сонирхолтой үзмэр, танилцуулга дэлгэж оролцож байв.

ОХУ-ын Холбооны гаалийн албаны 25 жилийн ойд зориулсан баярын үйл ажиллагаа 2016 оны 10-р сарын 25-26-ны өдрүүдэд гаалийн байгууллагын дарга нарын дугуйн ширээний ярилцлагаар үргэлжилсэн. Тус ярилцлагад Абхази, Азербайджан, Армени, Беларусь, Бельги, Бразили, Вьетнам, Германи, Греци, Итали, Казахстан, Киргизи, БНХАУ, Куба, Латви, Литв, Молдов, Монгол, Польш, Сенегал, Словак, Тажикистан, Тунис, Турк, Узбекистан, Украин, Финлянд, Франц, Эквадор, Эстони, Өмнөд Осети, Япон Улсын нийт 32 орны гаалийн байгууллагын төлөөлөгчид оролцсон.

Тус арга хэмжээний үеэр МУ-ын ГЕГ-ын дарга Б.Асралт Дэлхийн гаалийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Кунио Микуриятай уулзав.

Монголын гаалийн төлөөлөгчид ОХУ-ын Холбооны гаалийн албаны Гаалийн хяналт, гаалийн бүрдүүлэлтийн газраас зохион байгуулсан “Олон улсын шуудан илгээмжийн зах зээлийг хөгжүүлэх хэтийн төлөв ба шуудан илгээмжид хийх гаалийн хяналтыг шуурхай болгох технологийн дэвшил” сэдвээр шуудангийн болон гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах дугуй ширээний ярилцлагад оролцсон.


ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС