mn GB
Mobile menu

Гаалийн Зөрчилтэй Тэмцэх газар

Гаалийн зөрчилтэй тэмцэх газар нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, гаалийн болон бусад хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх, таслан зогсоох үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ үндсэн чиг үүргийн хүрээнд Гаалийн хууль, тогтоомжийн зөрчлийн мэдээллийг бүртгэх, цуглуулах, хадгалах, түгээхтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, худалдааны луйврыг таслан зогсоох, үр дагаварыг арилгах, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтийг илрүүлэх, таслан зогсоох, тарифын болон тарифын бус хязгаарлалттай бараанд тавих хяналтыг сайжруулах, олон улсын болон бүс нутгийн зөрчлийн мэдээллийн төвөөс ирүүлсэн зөрчлийн арга хэлбэр, чиг хандлагыг харьяа газар хороодод түгээх, хэрэгжилтэнд хяналт тавих, гаалийн лавлах утас 1800-1281-ийн ашиглалт, телекамерын хяналтыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Тус газар нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Санхүүгийн мэдээллийн алба, Терроризмтай тэмцэх үндэсний зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний зөвлөл зэрэг дотоодын, БНХАУ-ын Гаалийн Цагдаагийн газар, ОХУ-ын Контрабандтай тэмцэх ерөнхий газартай хамтран хэрэг зөрчлийн талаар мэдээлэл солилцон ажиллаж байна.

Дээрх хамтын ажиллагааны хүрээнд Гаалийн зөрчилтэй тэмцэх газраас 2016 онд хийгдсэн 55 удаагийн дахин шалгалтаар илрүүлсэн зөрчилд нийт 500 сая төгрөгийн торгууль тавигдаж, 2.1 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн.

Гаалийн байгууллагын хэмжээнд гэмт хэргийн шинжтэй 90 удаагийн үйлдлийг 2016 онд илрүүлж, харъяаллын дагуу шилжүүлсний 68% нь түүх соёлын дурсгалт зүйлс, валют, 8% нь химийн хорт болон аюултай бодис, 6% нь мансууруулах бодис болон галт зэвсэг, 19% нь эм, эмнэлгийн хэрэгсэл хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдэл тус тус эзлэж байна. Хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд хар тамхи, мансууруулах бодис, түүх соёлын дурсгалт зүйлс, валют, валютын үнэт зүйлс, эм бэлдмэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх үйлдлийн тоо, давтамж нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал: 2016 онд нийт 5 удаагийн тохиолдлоор 260 грамм метамфетамины төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, харъяаллын дагуу шилжүүлсэн.

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэстэй “Илгээмж” хамтарсан ажиллагааг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт хэрэгжүүлэв. Дэлхийн гаалийн байгууллагаас 2016 онд тамхи, галт зэвсэг, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр зохион байгуулсан Irene, Westerlies4, Gryphon, SmartCat2 зэрэг олон улсын ажиллагаануудад үндэсний холбоо баригч томилон оролцож, мэдээлэл солилцон ажиллав.

Тус газраас 2016 онд гаалийн байгууллагын хэмжээнд илрүүлж, шийдвэрлэсэн зөрчилд дүн шинжилгээ хийж үзэхэд дараах хүчин зүйлс зөрчил гарахад нөлөөлсөн байна. Үүнд:

Дотоод хүчин зүйлс:

• Гаалийн хяналт шалгалтыг хийхдээ албан үүрэгтээ хайнга хандсан.
• Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт хийж, үнэ тодорхойлохдоо нэмэгдэх зардлуудыг дутуу тооцож татвараас зайлсхийх нөхцлийг бүрдүүлсэн.
• Гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлагад тавих хяналт хангалтгүй байгаа нь татвар, хариуцлагаас зайлсхийх нөхцлийг бүрдүүлсэн.
• Тээврийн хэрэгслийн түр бүртгэлийн хяналтын тогтолцоо хангалтгүй, бусад хяналтын байгууллагуудтай уялдаа холбоо сул байгаа нь олон тооны тээврийн хэрэгсэл гаалийн бүрдүүлэлтгүй нэвтэрч татвараас зайлсхийх нөхцлийг бүрдүүлсэн.
• Гаалийн баталгаат болон түр агуулахын хугацаа хэтрүүлсэн, баталгаат агуулахаас гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан нь зөрчил гарахад тус тус нөлөөлсөн.

Гадаад хүчин зүйлс:

• Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор барааны нэр төрөл, тоо хэмжээг худал мэдүүлэх. үнэлгээ багатай өөр бараагаар орлуулж мэдүүлсэн.
• Тарифын болон тарифын бус хязгаарлалттай барааг хууль бусаар нэвтрүүлсэн.
• Гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлага зөрчиж татвараас зайлсхийсэн.
• Барааг баталгаат агуулахаас гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан.
• Барааны ангиллын кодыг худал мэдүүлэх, өөр барааны кодоор сольж мэдүүлсэн.

Гаалийн зөрчилтэй тэмцэх газар нь 2017 онд гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, шинэ түвшинд хүргэх, шинэчилэн батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор орон тооны бүтэц, зохион байгуулалтыг гаалийн хэрэг бүртгэлт, хар тамхи мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр өргөжүүлэх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх зорилт тавин ажиллаж байна.