mn GB
Mobile menu

Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх

Хар тамхи, мансууруулах бодисын ойлголт:
Мансууруулах төрлийн бодис гэдэг нь байгальд зэрлэг байдлаар ургадаг олсны ургамал, намуу цэцэг, мексикийн мөөг, кокийн бут зэргийг хамруулан ойлгох бөгөөд эдгээр мансууруулах үйлчилгээтэй түүхий эдийг химийн урвалд оруулах, нийлэгжүүлэх буюу синтетик хэлбэрт оруулснаар цэвэр кокайн, герион буюу дэлхий нийтээр хэлж хэвшсэн “Хар тамхи”-ыг гарган авдаг. Бусад хар тамхи, мансууруулах бодисын бүх төрлүүдийг дээрх кокайн, героиноос гарган авдаг ба түүнээс гаргаж авсан бусад бодисоор анагаах ухаанд олон төрлийн тайвшруулах, өвчин намдаах зэрэг эм, тариа үйлдвэрлэдэг байна.

Хар тамхи, мансууруулах бодисын олон улсын нөхцөл байдал:
НҮБ-ын мансууруулах бодистой тэмцэх албанаас гаргасан 2012 оны тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд 15-64 насны 230 сая хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 27 сая орчим нь тогтмол хэрэглэдэг. Үүнээс 200 орчим сая хүн каннабис, 15 орчим сая хүн амфетамин, 15,9 сая хүн опиум /героин/, 13,7 сая хүн кокаин хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байна.

Дэлхийд хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтийн сүлжээ үүсгэн идэвхтэй ажиллаж байгаа Алтан гурвалжин /Тайланд, Лаос, Мьянмарын хилийн бүс/, Алтан хавирган сар /Афганистан, Пакистан, Ираны хилийн бүс/, Мөнгөн гурвалжин /Колумб, Болив, Перу, Мексикийн хилийн бүс нутаг/, Хар гурвалжин /Нигер, Гана, Кени, Судан, Өмнөд африк/ гэгдэх Африкийн орнуудын гэмт бүлэглэлүүд Төв болон Зүүн өмнөд Азийн орнуудын иргэдийг хар тамхины хууль бус наймаанд элсүүлэх, татан оролцуулах, тээвэрлүүлэх явдал газар авч байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт гол төлөв Зүүн өмнөд Азийн орнуудад сурч буй манай оюутан залуус, биеэ үнэлэгчид, хулгай хийх зорилгоор маршрутаар зорчигч иргэд тээвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж байна.

Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгт монгол залуучууд өртөж байгаа шалтгаан нь манай иргэдийн амьжиргааны түвшин доогуур, энэ талын мэдлэг, мэдээлэл дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох хүсэлтэйгээс гадна Зүүн өмнөд Азийн орнуудад визгүй зорчих давуу тал байдаг нь гол хүчин зүйл болж байна.

Олон улсын жишгээр дамжин өнгөрч буй хар тамхины 20 хувь нь тухайн оронд үлддэг гэсэн судалгаа байдаг бөгөөд одоогийн байдлаар манай улсаар хэдий хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эм, бэлдмэл, бодис дамжин өнгөрч байгааг нарийн гаргах боломжгүй байна.

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт Монгол Улсын иргэд холбогдож буй нөхцөл байдал, шалтгаан:
Эхэн үедээ зөвхөн цөөн тооны иргэд хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглээний журмаар /хагас нийлэгжүүлэх аргаар гаргаж авсан мансууруулах бодис/ бага хэмжээгээр хууль бусаар нэвтрүүлэх байдлаар үйлдэгдэж байсан бол өнөөдөр уг гэмт хэрэг үйлдэгчид нь ашиг орлогын үндсэн эх үүсвэр болгох зорилгоор тээвэрлэж, зарж борлуулах гэмт хэргийг үйлдэх болсон.

Манай иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй байдлыг авч үзэхэд дийлэнх хувь нь БНХАУ-д үйлдэгдэж байна. Хил залгаа ӨМӨЗО-ны Эрээн хотод дээрх төрлийн мансууруулах бодисын хэрэглээ газар авсан, манай иргэд байнга зорчдог, биеэ үнэлэгч, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэд энэ төрлийн гэмт хэрэгт хэрэглэгч гэсэн ангилалд байсан бол сүүлийн 2-3 жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн тээвэрлэгч гэсэн ангилалд хамаарах болоод байна.

Энэ төрлийн хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалттай гэмт бүлгүүдийн зүгээс манай иргэдийн Зүүн өмнөд Азийн орнуудад визгүй зорчих боломжтой байдал, гэнэн итгэмтгий зан, амар хялбар аргаар мөнгө олох зэрэг сул талуудыг нь ашиглан хууль бус эргэлтэнд татан оруулж байгаад анхаарах шаардлагатай юм.

Харин 2013 оны байдлаар гадаад улсад 4 /эрэгтэй-1, эмэгтэй-3/ иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон бол дотоодод 74 холбогдогчтой 34 хэрэг бүртгэгдээд байна. 2014 он гарсаар 27 холбогдогчтой 12 хэрэг бүртгэгдсэн байна.

2014 оны эхний хагас жилийн байлаар энэ төрлийн гэмт хэргийн улмаас гадаад улсад 37 иргэн ял эдэлж байгаагаас, эмэгтэй 15, эрэгтэй 21 байна. Үүнийг ял шийтгэлээр нь ангилж үзвэл хугацаагүй хорих ялаар 9, хорих ялаар 22, цаазаар авах ялаар 5 иргэн тус тус шийтгэгдсэн байна.

Дээрх тоо баримт бусад орнуудынхтай харьцуулахад харьцангуй цөөн мэт боловч олон улсын жишгээр 1 хэргийн ард 10 тохиолдол байдаг гэж үзвэл энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал хүндрэх төлөв ажиглагдаж байна.

Цаашид авах арга хэмжээ, анхаарах зүйл:
1.Хүн бүр энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг, учирч болох эрсдэлийн талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болох нь чухал байна.

Тухайлбал:
• Монгол Улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэсэн зүйл заалтын дагуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 15 жил хүртэл хорих ялаар шийтгэх,
• БНХАУ-д 50 граммаас дээш хэмжээгээр хар тамхи, мансууруулах бодисыг тус улсын хилээр ашиг олох зорилгоор нэвтрүүлсэн бол цаазаар авах хүртэл ял оногдуулдаг,
• ОХУ-д энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 20 хүртэлх жилийн хорих ял оноож, 1 сая рублиэр торгодог.
2.Дунд, ахлах, их дээд сургуулийн оюутан сурагч нарт хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийн талаарх ойлголтыг сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүд болон асран харгалзагч нараас өгөх нь манай улсын ирээдүйн эрүүл нийгмийн баталгаа болно.
3.Энэ төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг, ялангуяа Зүүн өмнөд Азийн зарим улс орон руу зорчиж буй манай иргэд бусдын дайвар ачаа тээш авахгүй, өөрийн ачаа тээшийг хяналтгүй орхихгүй, мөн сонор сэрэмжтэй байх нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх юм.
/Дээрх мэдээллийг Тагнуулын ерөнхий газрын цахим хуудас http://www.gia.gov.mn авсан болно/

Иргэн Танд Улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар нэвтэрүүлж байж болзошгүй сэжигтэй үйлдлийн талаар мэдээ, мэдээлэл байгаа бол та яг одоо Олон нийттэй харилцах Гаалийн байгууллагын 1800-1281, иргэдээс мэдээлэл хүлээн авах 11-353567 зэрэг утсанд мэдээллээ өгнө үү.

Бид таны нууцлалыг чанд хадгална.
Бидэнтэй хамтран ажиллаж буй танд баярлалаа.