mn GB
Mobile menu

Гарын авлага

Чөлөөт бүс

Гаалийн эрх зүйн зохицуулалт

Чөлөөт бүсэд оруулах, гаргах бараанд хийх гаалийн бүрдүүлэлт, үйлдвэрлэл явуулах, боловсруулалт хийх, үйлчилгээ үзүүлэх болон бусад зориулалтаар оруулсан бараанд тавих гаалийн хяналт, горимын шаардлагын хэрэгжилт, гаалийн хууль тогтоомж, журмын зөрчил, хүлээлгэх хариуцлага, төрийн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоо зэрэг үйл ажиллагаатай холбогдон гарах харилцаа нь гаалийн хууль тогтоомж, журмаар зохицуулагддаг.

Гаалийн хяналт, бүрдүүлэлттэй холбоотой зарим хууль тогтоомж, журмууд:

1.   Чөлөөт бүсийн тухай хууль, 2015
2.   Гаалийн тухай хууль, 2008.  /231 дүгээр зүйл/
3.   Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, 2008
4.    Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын тухай хууль, 1996
5.  УИХ-ын 27  дугаар тогтоол “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” 1999
 6. УИХ-ын 1998 оны 05 дугаар тогтоолын  I хавсралт “Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалт”
7.  УИХ-ын 1998 оны 05 дугаар тогтоолын  II хавсралт “Монгол улсын хилээр тарифын бус бусад хязгаарлалттай нэвтрүүлэх бүлэг барааны жагсаалт”
8. Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын I хавсралт “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодломон барааны жагсаалт”
9.  Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын II хавсралт “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”
10. ГЕГ-ын даргын 2009 оны 153-р тушаалаар батлагдсан “Чөлөөт бүсийн горимыг хэрэгжүүлэх журам”
11. ГЕГ-ын даргын 2010 оны 638-р тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”,
12. ГЕГ--ын даргын 2008 оны 468-р тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”,
13. ГЕГ-ын даргын 2010 оны 573-р тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар”,
14. ГЕГ-ын даргын 2010 оны 388-р тушаалаар батлагдсан “Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”,
15. ГЕГ-ын даргын 2009 оны 224-р тушаалаар батлагдсан “Тээвэрлэгч байгууллагад гаалийн итгэмжлэл олгох шалгуур”,
16. ГЕГ-ын даргын 2015 оны А/125 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн болон бусад татвар, хураамжийг цахимаар төлөх заавар”
17. ГЕГ-ын даргын 2013 оны А/199 дугаар тушаал “Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай”
18.  ГЕГ-ын даргын 2015 оны А/166 дугаар тушаал “Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”
19. ГЕГ-ын даргын 2015 оны А/134 дүгээр тушаал “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам”
20.  ГЕГ-ын даргын 2015 оны А/30 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Импортын барааны гаалийн үнийг шалгах, гаалийн үнийг тодорхойлох заавар”


Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн  харилцааг холбогдох хууль тогтоомж, журамд хэрхэн зохицуулсныг товч танилцуулья.

Зарим  нэр томьёо:

Гаалийн хяналт

Гаалийн хяналт гэдэг нь Монгол улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлж, биелэлтийг нь хангуулах зорилгоор гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээ.
Чөлөөт бүсэд хилийн чанадаас оруулах бараа нь гаалийн хилээр орсон үеэс гаалийн хяналтад орохоос гадна чөлөөт бүсэд оруулах горимд байрших хугацаанд мөн чөлөөт бүсээс хилийн чанадад буцаан гаргах хүртэл гаалийн хяналтад байна.
Харин монголын барааг чөлөөт бүсэд оруулахад бараа, тээврийн хэрэгсэл  гаалийн хяналтын бүсэд орох, чөлөөт бүсийн горимд  байрших хугацаанд мөн хилийн чанадад гарах, эсхүл гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах хүртэл гаалийн хяналтад байна.
Ийнхүү бараа, тээврийн хэрэгсэл гаалийн хяналтад байх хугацаанд гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа төрөл бүрийн арга хэмжээг гаалийн хяналт гэдэг.
Чөлөөт бүсэд оруулах, гаргах бараанд эрсдэлд суурилсан гаалийн хяналтыг хэрэгжүүлдэг.

Гаалийн бүрдүүлэлт

Гаалийн бүрдүүлэлт гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа.   

Чөлөөт бүсийн тухай болон Гаалийн тухай хуулийн дагуу барааг хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс хилийн чанадад гаргахад гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.

Хялбарчилсан бүрдүүлэлт гэдэг нь Гаалийн тухай хуульд заасан бичиг баримтыг шаардахгүйгээр гаалийн мэдүүлгийн зарим хэсгийг нөхөн бичүүлэх замаар гаалийн бүрдүүлэлт хийж барааг чөлөөт бүсэд оруулж, гаргахыг хэлнэ. Гэвч Монголын барааг чөлөөт бүсэд оруулах, барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулах зэрэг тохиолдолд хялбарчилсан бүрдүүлэлтийг хийхгүй гэдгийг анхаарах нь зүйтэй.

Гаальд мэдүүлэх:

Гаалийн бүрдүүлэлт нь гаальд мэдүүлэхээс эхлэнэ. Гаальд мэдүүлэх гэдэг нь гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хилээр нэвтрүүлж байгаа бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт хийхтэй холбоотой мэдээлэл, шаардлагатай бичиг баримтыг гаальд гаргаж өгөхийг ойлгоно.

Гаальд мэдүүлэх хэлбэр:

Барааг гаальд бичгээр, сүлжээгээр, амаар мэдүүлж болдог. Монголын гаалийн байгууллага нь 2010 онд гаалийн мэдээллийн автоматжуулсан системийг боловсронгуй болгож, КАЙС- ыг нэвтрүүлсэн үеэс гадаад худалдаа эрхэлдэг  иргэн, аж ахуйн нэгж байгууллага бараа, тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллээ гаальд сүлжээгээр мэдүүлж, татвар, хураамжаа цахимаар төлөх боломжтой болсон. Харин зорчигч бараа, тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллээ бичгээр, амаар, улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр мэдүүлдэг. Таны мэдүүлсэн бараа, тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээлэл нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /цаашид “гаалийн мэдүүлэг” гэх/ -т тусгагддаг.
Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг гэдэг нь барааг, мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимд байршуулах, гадаад худалдааны барааны статистик мэдээлэл гаргах үндсэн баримт юм.
Гаалийн мэдүүлэг нь 52 хүснэгт бүхий хэсгээс бүрдэж, дараахь мэдээллүүдийг агуулдаг.     
    I хэсэг-  Ерөнхий мэдээлэл (мэдүүлгийн 1-20 болон A хүснэгт);
    II хэсэг- Бараа, тээврийн хэрэгслийн талаархи мэдээлэл (21-43);
    III хэсэг-Гаалийн тариф, татварын мэдээлэл (44-51);
    IV хэсэг-Бичиг баримт, бусад мэдээлэл (52, C, D, E, F, G).

Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийх бол мэдүүлгийн үндсэн маягтын 1, 2, 3, 4, 8, 10, 11, 12, 15, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 33, 37, 45, 46, 52, C, D; нэмэлт маягтын 1, 2, 3, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 33, 37, 45 дугаар хүснэгтүүдийг нөхөн бичдэг. Өөрөөр хэлбэл гаалийн мэдүүлгийн 52 хүснэгтээс тал хувь нь нөхөн бичих шаардлагагүй.

Тэгвэл гаальд хэн барааг мэдүүлж болох вэ?

Мэдүүлэгч барааг гаальд мэдүүлнэ. Мэдүүлэгч гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээд.

1. Бараа илгээх, эсхүл хүлээн авах Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага өөрөө,
2. Холбогдох хууль тогтоомжийн дагуу дээр дурьдсан этгээдийн итгэмжлэгдсэн этгээд;
3. Гаалийн хилээр нэвтрэх зорчигч, бараа хүлээн авах, илгээх хувь хүн;
4. Дээр дурьдсан этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр гаалийн зуучлагч;
5. Шаардлагатай тохиолдолд тээвэрлэгч, гаалийн түр агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч зэрэг этгээд.
Мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн горимоо сонгох эрхтэй.

Гаалийн бүрдүүлэлтийн горим

Гаалийн бүрдүүлэлтийн горим гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаар тогтоосон хэм хэмжээ, нөхцөл, шаардлага.
Чөлөөт бүсийн горимд дараах барааг байршуулдаг.

-    Хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах гадаадын бараа,
-    Гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд байгаа монголын бараа,
-    Бусад горимд байгаа бараа.
Чөлөөт эргэлтэд байгаа бараа гэдэг нь гаалийн хууль тогтоомжоор тогтоосон хязгаарлалтгүйгээр Монгол улсын гаалийн нутаг дэвсгэрт захиран зарцуулах бараа. Жишээ нь: А компанийн БНХАУ-аас 2014 онд импортоор оруулж, хилийн чанадаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимд байршуулж, гаалийн болон бусад татварыг нь барагдуулж, гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн “ган хоолой”-г чөлөөт бүсийн горимд  байршуулж болно.
Гаалийн хилээр оруулах, гаргах барааны гаалийн бүрдүүлэлтэд ямар бичиг баримт шаардлагатай, тарифын болон тарифын бус хязгаарлалттай эсэх нь мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимоос шалтгаалдаг.

Тарифын бус хязгаарлалт гэдэг нь Монгол улсын хилээр бараа нэвтрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Монгол улсын хилээр нэвтрүүлэх, тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг ойлгоно. Улсын хилээр оруулах, гаргахыг хориглосон барааны жагсаалтыг УИХ-ын тогтоолоор, хязгаарласан барааг Засгийн газрын тогтоолоор баталдаг. Мөн салбарын бусад хуулиар тухайн барааг улсын хилээр оруулах, гаргахыг хориглох зохицуулалтыг хийдэг.

Чөлөөт бүсэд хилийн чанадаас оруулах, чөлөөт бүсээс хилийн чанадад гаргах бараанд тарифын бус хязгаарлалт хэрэгжихгүй. Харин чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулах, гаалийн нутаг дэвсгэрээс чөлөөт бүсэд оруулахад хэрэгжинэ. Жишээ нь: А компанийн чөлөөт бүсэд оруулсан согтууруулах ундааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн, онцгой болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулж, хураан “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн дагуу согтууруулах ундаа импортлох лицензийг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийнэ.

Хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс хилийн чанадад гаргах бараанд гаалийн бүрдүүлэлт хийхэд дараах бичиг баримтуудыг шаардана.
-    Ачааны манифест /цахим/
-    Тээврийн бичиг баримт
-    Шаардлагатай тохиолдолд холбогдох зөвшөөрөл, лиценз

Харин бусад тохиолдолд:
-    Ачааны манифест /цахим/
-    Гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэх
-    Тээврийн бичиг баримт
-    Шаардлагатай тохиолдолд зөвшөөрөл, лиценз
-    Татвар төлсөн баримт /чөлөөт эргэлтэд байгаа монголын барааг чөлөөт бүсэд оруулахад/
-    Шаардлагагатай бусад бичиг баримтууд /Жишээ нь: чөлөөт бүсэд боловсруулалт хийхээр оруулах барааны хувьд барааг чөлөөт бүсэд боловсруулахтай холбоотой мэдээлэл, гарал үүслийн гэрчилгээ зэрэг бичиг баримтыг гаалийн байгууллага шаардах эрхтэй/

Та гаалийн байгууллагад бараа, тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээлэл, бичиг баримтыг гарган өгөх ба мэдүүлэгчийн гаалийн байгууллагад илгээсэн бичлэг програм дээр “Хүлээн авсан” төлөвт орсоноор барааг гаалийн байгууллагад мэдүүлсэнд тооцно. Гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн байгууллага, мэдүүлэгчийн хооронд эрх зүйн харилцаа үүсдэг.
Гаалийн шалгалт:

Гаалийн байгууллага бичиг баримтын бүрдэл, бичиг баримт дахь мэдээлэл үнэн зөв эсэх, тэдгээр нь гаалийн мэдүүлэгт зөв тусгагдсан эсэхийг болон гаалийн мэдүүлэг дэх мэдээлэл нь үнэн эсэхийг тогтоохын тулд биет шалгалт хийнэ. Гадаад худалдааг хөнгөвчлөх үүднээс эрсдлийг тооцож, гаалийн шалгалтыг хийдэг тул бүх бараа, тээврийн хэрэгсэлд бичиг баримтын болон биет шалгалтыг хийхгүй. Хэдийгээр гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа дууссан ч гаалийн байгууллага гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгоор бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийдэг.

Татвар, хураамж:
    
Чөлөөт бүсэд хилийн чанадаас оруулах бараанд импортын гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар ногдуулахгүй. Харин чөлөөт бүсээс гадаадын барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахад дээр дурьдсан гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулна. Мөн монголын барааг гаалийн нутаг дэвсгэрээс чөлөөт бүсэд оруулахад  тухайн бараа нь экспортын гаалийн татвартай бол экспортын гаалийн татварыг ногдуулж, хураан авна. Жишээ нь: Тэмээний боловсруулаагүй ноос/эр/-ыг нутаг дэвсгэрээс чөлөөт бүсэд оруулахад  экспортын гаалийн татвар ногдуулж, хураана.
Бараа, тээврийн хэрэгсэл алдагдсан, дутсан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр устгасан, зориулалтын дагуу ашиглагдаагүй бол тухайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад Гаалийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, гаалийн нутаг дэвсгэрт бүрмөсөн оруулах горимоор бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлэх зохицуулалттай.       
Зорчигчийн биедээ авч яваа хувийн хэрэглээний эд зүйл болон биеэс тусдаа ачаа тээш, чингэлгээр явуулсан бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл нь зорчигчийн гаалийн мэдүүлэг болно.
Чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа, зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө. Харин онцгой албан татвар ногдох бараа, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, улсын хилээр оруулахыг хориглосон, хязгаарласан бараа хамаарахгүй.
Чөлөөт бүсийн горимын журамд заасны дагуу чөлөөт бүсэд бүртгэлтэй иргэн, аж ахуйн нэгж болон Чөлөөт бүсийн захирагчийн алба нь гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлагыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байдаг.

Горимын шаардлага

1.   Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь  гаалийн байгууллагатай гэрээ байгуулж ажиллах,

2.  Чөлөөт бүсийн орох, гарах хаалга, бүсийн доторхи барилга байгууламж, объектыг дохиоллын найдвартай систем, байнгын гэрэлтүүлгээр тоноглож, телехяналтын систем бүхий харуул хамгаалалттай байх,

3.   Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь гаалийн байгууллагатай компьютерийн мэдээллийн сүлжээнд холбогдсон байх бөгөөд чөлөөт бүсэд орсон, гарсан барааны бүртгэлийг цахим хэлбэрээр хөтлөх,

4.   Гаалийн тухай хуулийн 285.2-т-д заасны дагуу Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба нь гаалийн байгууллагыг үйл ажиллагаа явуулах хэвийн нөхцөлөөр хангах,

 5.    Аж ахуйн нэгж, байгууллага  нь чөлөөт бүсэд байр, талбай, хашаа, авто зам, холбоо, цахилгаан, усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ зэргийг  барихтай холбогдуулан  хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах техник, тоног төхөөрөмж, машин механизм, барилгын материал, түүхий эд болон бусад бараа материалын жагсаалтыг хяналт тавьж буй гаалийн байгууллагад урьдчилан гаргаж өгөх ,

6.   Бүсэд оруулсан барааны бүрэн бүтэн байдлыг мэдүүлэгч хариуцах бөгөөд  барааны бүртгэлийг маягтын дагуу хөтөлж чөлөөт бүсэд тухайн аж ахуйн нэгжийн оруулсан бүх барааны мэдээ, үүнээс чөлөөт бүсэд баригдах байшин барилга, зам талбай зэрэгт зарцуулагдсан, боловсруулалт хийх, үйлдвэрлэл явуулахад зарцуулагдсан, худалдсан барааны мэдээ, чөлөөт бүсээс гарсан барааны мэдээ, түр хугацаагаар оруулсан барааны мэдээ, үйлдвэрлэлийн явцад гарсан хаягдал, асгарах, гоожих, ууршилт болон бусад шалтгааны улмаас үүссэн хорогдлын тооцоо, үйл ажиллагаа явуулж буй газар, болон агуулахад хадгалагдаж байгаа барааны үлдэгдлийн зэрэг мэдээг гаалийн байгууллагад улирал тутам гаргаж өгөх,   
     
7. Мэдүүлэгч нь барааг чөлөөт бүсэд боловсруулахтай холбогдсон бүхий л мэдээллээр хангана. Тухайлбал: боловсруулах барааны нэр, марк серийн дугаар, материалын орцын тооцоо, хаягдал үлдэгдлийн хэмжээ, боловсруулалтын үр дүнд бий болсон бүтээгдэхүүний загвар дээж, фото зураг, бүдүүвч зураг, худалдааны болон техникийн бичиг баримт, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол тухайн бүтээгдэхүүний мэдээлэл, схем, фото зургийг гаргаж өгөх,

8. Гадаад худалдааны гэрээнд барааг боловсруулах арга, үе шат, хугацаа, ямар засвар өөрчлөлт оруулах, шинээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах гэх мэтээр боловсруулалтын үйл ажиллагааны тухай нарийвчлан заасан байх,

9. Чөлөөт бүсэд боловсруулах барааны боловсруулалтын явцад гарсан хаягдал, үлдэгдэлд мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.

10.  Гадаадын барааг монголын бараатай нийлүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, монголын барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах бол материалын орцын норм хэмжээг тогтоосон байх.


    Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн эрх зүйн зохицуулалтын талаар товч танилцууллаа. Хууль тогтоомж, журмуудыг нэмэлт өөрчлөлтийн хамт  http://www.legalinfo.mn/ сайтаас авч, нарийвчлан судлаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх боломжтой.


ГААЛИЙН ХЯНАЛТ, БҮРДҮҮЛЭЛТИЙН ХЭЛТЭС

2015