mn GB
Mobile menu

Б.ЦЭРЭН: 105 ЖИЛИЙНХЭЭ БОСГОН ДЭЭР ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА

3543

- Монгол Улсад гаалийн байгууллага үүсч хөгжсөний 105 жилийн ойн баярын мэндийг танд болон танай хамт олонд хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Баярлалаа. Намайг Б.Цэрэн гэдэг. Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга албыг хашдаг.

- Юун түрүүнд хоёулаа Ардын хувьсгалын үед тулгын чулуугаа тулсан гаалийн байгууллагын үүсэл хөгжлийн талаар ярих нь зүйтэй болов уу?

- Монгол Улсын гаалийн байгууллага өнөөдөр 105 нас хүрч байна. 105 жил гэдэг бол Ардын хувьсгалын үе бүр түүнээс ч өмнөх үеийг ярих хэрэгтэй. Богд хаант Засгийн газар байгуулагдсан үеэс эхлэн Гаалийн хэргийг хамаарах яамыг байгуулсан байдаг. Тухайн үед манай улсаас мал болон малын гаралтай түүхий эд, ангийн арьс хилээрээ гаргадаг өргөн хэрэглээний бараа, цай, торго гэх зэрэг бараа хилээр орж ирдэг байсан байна.

Ингээд Ардын хувьсгал 1921 онд ялж, энэ цаг үеэс орчин цагийн Монгол Улсын гаалийн байгууллага хөгжих сууриа тавьж өнөөгийн бүтэц зохион байгуулалт бүхий 18 гаалийн газар хороо 40 гаруй боомттой 1400 гаруй гаалийн байцаагчийг эгнээндээ нэгтгэсэн томоохон салбар болтлоо хөгжсөн түүхтэй.

- Ер нь гаалийн байгууллагын үндсэн чиг үүрэг юу юм бэ?

-Гаалийн байгууллага хэд хэдэн чиг үүрэгтэй. Улсын хилээр нэвтрэх бараа тээврийн хэрэгсэлд гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналтыг үр дүнтэй тавих үндсэн чиг үүрэгтэй. Орчин үеийн гаалийн чиг хандлага нь нэг талаас хууль сахиулах нөгөө талаас худалдааг хөнгөвчлөх гэсэн эрс тэс үйл ажиллагааг тэнцвэртэйгээр хангахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Иймд бид эрсдэлд суурилсан гаалийн хяналтыг үйл ажиллагаандаа мөндлөг болгож байна.

Орчин үеийн гаалийн чиг хандлага нь нэг талаас хууль сахиулах нөгөө талаас худалдааг хөнгөвчлөх гэсэн эрс тэс үйл ажиллагааг тэнцвэртэйгээр хангахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг. 

Хилээр орж, гарч байгаа бараа бүтээгдэхүүний статистик тоо бүртгэлийг хийнэ Энэ бүртгэл тухайн улсын эдийн засгийн бодлого, барааны болон мөнгөний урсгалыг тооцох, дотоодын нийт хэрэглээг гаргахаас авхуулаад эдийн засаг нийгмийн бүхий л салбарт хэрэгтэй. Мөн энэхүү тоон мэдээллийг харж төр засгийн байгууллагууд бодлого, төлөвлөгөөгөө гаргадаг.

Бас нэгэн чухал чиг үүрэг бол Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах. Хилээр хортой, хоргүй бараа бүтээгдэхүүн оруулж гаргахыг завдах тохиолдол их гардаг. Үүнээс болоод улс үндэстэн устах хүртэл аюулд хүрч болно. Мөн гаалийн байгууллага улсын төсвийн татварын орлогыг бүрдүүлдэг. Гадаад худалдаанаас хамааралтай манайх шиг улсын хувьд энэ орлого их том хувь нэмэр болдог. Түүнчлэн бид холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

- Манай улсын гаалийн байгууллагын хяналт, шалгалт, бүртгэл болон татвар орлогын үйл ажиллагаанууд бүрэн цахимжсан-

- Манай улсын гадаад худалдааны бодлогын хэрэгжилт хэр ахицтай байгаа вэ. Хөрш зэргэлдээ улс орны гадаад худалдааны бодлоготой манайхыг харьцуулахад дутагдалтай зүйл олон байгааг мэргэжилтнүүд ярьдаг шүү дээ?

-Олон улсад гаалиар дамжуулж гадаад худалдааны бодлогоо хэрэгжүүлдэг жишиг бий. Тухайн улс эдийн засагтайгаа уялдуулан гадаад худалдааныхаа бодлогыг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд 105 жилийнхээ ойг угтаад манай байгууллага Гадаад харилцааны яамтай хамтран “Монгол Улсын гадаад худалдааны бодлого, чиглэл, хэрэгжилт”, “Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь” сэдэвт хурлыг хийсэн байгаа.

Ер нь гаалийн тарифаар дамжуулан гадаад худалдааны бодлогоо хэрэгжүүлэх чиглэл барьж ажиллаж байгаа. Гэхдээ цаашид үүнийг маш уян хатан мэдрэмжтэй болгох, худалдааны хуултай болох, ченжийн сүлжээнээс тээвэр ложистикийн сүлжээнд шилжих гэх зэрэг гадаад худалдааны бодлогод дам байдлаар нөлөөлөх асуудлуудыг давхар шийдэх хэрэгтэй.

- Монгол Улсад гаалийн байгууллага үүсээд нэгэн зууныг элээчихлээ. Түүхт ойн энэ өдөр танай хамт олон салбартаа гарсан ахиц дэвшлийг ярихын сацуу алдаа дутагдлаа ч дүгнэнэ. Та бүхэн 105 жилийнхээ ойгоо угтаж ямар, ямар ажил хийж байгаа вэ?

- Бид 105 жилийнхээ ойн хүрээнд бүх газар хороондоо олон ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, боомтуудын дэд бүтцийг шинэчлэх сайжруулах, тэнд ажиллаж байгаа ажиллагсдын ажлын байрыг  ая  тухтай болгох, гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмжүүд шинээр суурилуулах зэрэг бүтээн байгууллалтын олон ажил  хийлээ. Мөн хяналт шалгалтаа сайжруулах ажлын хүрээнд гаалийн хууль журмыг сурталчлах, зорчигч, аж ахуй нэгж байгууллагуудтай таниулах ярилцлага уулзалт хийсэн.

Гаалийн хяналтын орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг Замын үүд, Улаанбаатар Сэлэнгийн гаалийн газрууд зэрэг гол гол хяналтын цэгүүддээ тавьсан .

Монгол улс Киотогийн конвенцэд нэгдэн орсон ба энэхүү конвенцийн дагуу гаалийн хууль дүрэм журамандаа зарим өөрчлөлт шинэчлэлт хийх зүй ёсны шаардлага гарсан. Мөн Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүднээс Гаалийн хуулиндаа зарим өөрчлөлтийг оруулах хэрэгтэй болсны дагуу Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан бэлэн болгоод байна.  

- Манай улсын гаалийн байгууллагын хяналт шалгалт олон улсын жишигт хүрч ажиллаж чадаж байгаа юу?

-2008 онд баталсан гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулагад эрсдэл тооцох арга зүйд үндэслэсэн гаалийн хяналтын стратегийг тусгасан ба түүний дагуу гаалийн хяналтыг бүрдүүлэлтийн өмнө ба дараах шатанд хэрэгжүүлж байна. Эрсдэлд суурилсан гаалийн хяналт нь орчин үеийн гаалийн хяналтын хамгийн сайн арга хэрэгсэл гэж үздэг. Монгол улсын гаалийн байгууллага өнөөдрийг хүртэл гаалийн байгууллагын бүтэц зохион байгуулалт хяналт шалгалтыг хөгжүүлэх чиглэлээр олон амжилт, ахиц, дэвшлийг олсон. Бид Олон улсын худалдааны байгууллага, Дэлхийн гаалийн байгууллагын гишүүнээр элсэж энэ байгууллагуудаас тавигдаж байгаа тодорхой стандарт шаардлагуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Гаалиар нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслийг рентген аппаратаар шалгаж, хяналт тавьж байна.

Манай улсын гаалийн байгууллагын хяналт, шалгалт, бүртгэл болон татвар орлогын үйл ажиллагаанууд бүрэн цахимжсан. Гаалиар нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслийг рентген аппаратаар шалгаж, хяналт тавьж байна. Хилээр орж, гарч байгаа хориотой бараа, бүтээгдэхүүнийг илрүүлэх ажил харьцангуй дэвшилттэй болсон.

-Тэгвэл Гаалийн ерөнхий газраас 105 жилийнхээ ойн хүрээнд гаальчид руугаа чиглэсэн ямар ажил хийж байгаа вэ?

-Гаалийн байгууллагын 105 жилийн ойн өмнө нэгэн томоохон үйл явдал манай салбарт тохиолоо. Энэ бол Гаалийн тухай хуулийг шинэчлэн өөрчлөх тухай асуудлыг бүх гаалийн байцаагчдад, гаалиар үйлчлүүлэгчдийнхээ дунд өргөн хэлэлцүүлэг хийн хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихад бэлэн болгосон.

Энэ хуульд гаалийн байцаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ахуй амьдралыг дээшлүүлэх, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгаж өгсөн. Бид энэхүү хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьснаар гаальчиддаа том бэлэг барилаа гэж ойлгож байгаа. Мөн 105 жилийнхээ ойн хүрээнд хийсэн томоохон ажлын нэг юм.

- Манай улс 162 улстай худалдаа хийж байна-

- Манай улс хөрш хоёр улстайгаа хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд өнгөрсөн хугацаанд олон ажил хийсэн болов уу. Түүнээс онцолбол?

-1993 онд Монгол улсын Засгийн газар ОХУ, БНХАУ-тай гаалийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу холбогдох санамж бичиг протокол зэрэг баримт бичгүүдийг хийж түүнд хилийн хамтарсан хяналтыг хэрэгжүүлэх, зөрчлийн мэдээлэл солилцох, гаалийн ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх, сургалт туршлага судлах , хөрш боомтуудын мэдээлэл солилцох уулзалтууд зэрэг ажлуудыг хийж байна.

ОХУ-тай зөрчил илрүүлэх чиглэлээр гаалийн зөрчлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж  байгаа. Энэ асуудлаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. 

Мөн статистик мэдээллийн хувьд жил болгон ОХУ, БНХАУ-тай хилээр орж гарсан барааг зэрэгцүүлэлт хийж байна. Зэрэгцүүлэлт гэдэг нь тухайн онд тухайн хоёр улсын гаалиар төдий хэмжээний бараа гарсан байна. Энэ барааны бүртгэл нь тухайн улсын гаалийн статистик мэдээлэлтэй таарч байгаа эсэхийг тооцох, хянах ажлыг хэлж байгаа юм. Ингэснээр хилээр орж, гарч байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийг тулгаж үзээд үүндээ үндэслэн дараа дараачийн ажлаа төлөвлөж хэрэгжүүлдэг юм.

Мөн ОХУ-тай зөрчил илрүүлэх чиглэлээр гаалийн зөрчлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж  байгаа. Энэ асуудлаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. 

- Өнөөдрийн байдлаар манай улс хичнээн улстай хамтын ажиллагаатай байгаа вэ?

-Манай улс 1990 оноос Дэлхийн гаалийн байгууллагад элссэн. Энэ байгууллагат 177 гишүүн оронтой. Манай улс тэдгээр улсуудтай хамтын ажиллагаа явуулах бүрэн боломжтой. Гаалийн хамтын ажиллагааны гэрээтэй 16 орон бий. Одоогийн байдлаар манай улс 162 улстай гадаад худалдаа хийж байна.

- Хөшигтийн хөндийн нисэх буудалд гаалийн хяналт шалгалтыг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хийнэ-

- 2018 онд Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орно. Шинэ нисэх буудалд гаалийн байгууллага шинэ тоног төхөөрөмжтэйгээр ажиллах уу?

- Хөшигийн хөндийн нисэх буудал хамгийн сүүлийн үеийн орчин үеийн техник технологоор тоноглогдсон жишиг нисэх буудал байх болов уу. Тэгэхээр манай байгууллага ч гэсэн олон улсын стандартын шаардлагыг хангасан орчин үеийн тоног төхөөрөмжөөр хяналт шалгалтын ажлаа явуулна.

- Манай улсын гаалийн байгууллага 105 жилийн түүхтэй хэдий ч 2012 онд статистикийн мэдээллийн сантай болсон. Статистикийн мэдээллийн сантай болсноор та бүхний ажилд ямар ахиц гарсан бэ?

- Стастикийн мэдээллийн сантай болсноор бид Монгол Улсын хилээр ямар барааг хэн, ямар машинаар оруулж, гаргаж байна вэ гэдгийг бүртгэх боломжтой болсон. Жишээлбэл, манай улс 2017 оны эхний 9 сарын байдлаар 4.5 тэрбум долларын экспортыг хийсэн байна. Үүнийг 2016 оны 9 сарын байдалтай харьцуулбал 37.5 хувиар өссөн үзүүлэлт. Импортын хувьд 2017 оны эхний 9 сарын байдлаар нийтдээ 3.1 тэрбум долларт хүрчээ. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 27 хувиар өссөн байна. Энэ мэтчилэн нарийн тоон мэдээллийг статистикийн мэдээллийн сан гаргаж, иргэдэд нээлттэй танилцуулдаг.

- Ярилцсанд баярлалаа. Та 105 насныхаа баярыг тэмдэглэж буй хамт олондоо хандаж юу хэлэх вэ?

-Баярлалаа. Танай сайтаар дамжуулан эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа нийт гаалийн байцаагчдадаа болон гаалийн байгууллагаар овоглодог хамт олондоо түүхт 105 жилийн ойн мэндийг хүргэж, ажилд нь өндөр амжилт хүсье.

Д.Сугармаа /eagle.mn/