mn GB
Mobile menu

ИХ ТҮМЭН САНААЧЛАГЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ЭДИЙН ЗАСГИЙН ОПЕРАТОРЫН АЖЛЫН ХЭСГИЙН III УУЛЗАЛТ БОЛЛОО

group

Их Түмэн Санаачлага (цаашид ИТС гэх) нь Их Түмэн Голын ай сав нутгийн хөгжлийн хөтөлбөр юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн хүрээнд БНХАУ, Монгол, Бүгд Найрамдах Солонгос, ОХУ гэсэн 4 орны засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм юм.

Анх 1995 онд, ИТС-ийн гишүүн орнуудын засгийн газар нь энэ бүс нутийн эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны механизмыг байгууллахаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан байдаг. Ялангуяа тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл болгон анхаарч ирсэн.

Энэ чиглэлийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх зорилгоор хэд хэдэн хороо үйл ажиллагаагаа явуулдаг. Түүний нэг нь Худалдааг Хөнгөвчлөх Хороо бөгөөд БНХАУ-ын Чанчун хотод 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан. Тус хорооны хуралдаанаар Хятадын гаалийн байгууллагаас энэ бүс нутгийн хүрээнд гаалийн байгууллагын Итгэмжлэгдсэн эдийн засгийн оператор хөтөлбөрийг жигд хэрэгжүүлж, гишүүн орны гаалийн байгууллагууд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулах зорилгоор “AEO буюу Итгэмжлэгдсэн Эдийн засгийн операторын хөтөлбөр хэрэгжүүлэх” ажлын хэсэг байгуулах санаачлагыг гаргасан.

Энэ ажлын хэсэг нь 2016-2017 оны хооронд бүс нутгийн 4 орны гаалийн байгууллага Итгэмжлэгдсэн Эдийн Засгийн Операторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Олон Талт Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээрийн төслийг боловсруулж бэлэн болгох зорилготой юм.

Presentation1

Итгэмжлэгдсэн Эдийн Засгийн Операторын ажлын хэсгийн III уулзалт 2017.09.20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Итгэмжлэгдсэн Эдийн Засгийн Операторын ажлын хэсгийн III уулзалтад Их түмэн санаачлага төслийн ажилтан /GTI /, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн захирал тэргүүтэй баг /GIZ/, ДГБ-аас итгэмжлэгдсэн Канадын Хил Хамгаалах Байгууллагын Итгэмжлэгдсэн Эдийн Засгийн Операторын эксперт болон БНХАУ, ОХУ, БНСУ-ын гаалийн байгууллагын төлөөлөл оролцон, амжилттай зохион байгуулагдлаа.

Уулзалтаар энэ бүс нутгийн гишүүн орнуудын гаалийн байгууллагын цаашид Итгэмжлэгдсэн Эдийн Засгийн Операторын хөтөлбөрийн хүрээнд зурагдах Олон Талт Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээрийн төслийг боловсруулсан. Энэхүү төсөл нь 2017 оны 12 дугаар сард БНСУ-д эцэслэн батлагдана.