mn GB
Mobile menu

ОХУ-ЫН СОЧИ ХОТНОО МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГААЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР, ОХУ-ЫН ХГА-НЫ КОНТРАБАНДТАЙ ТЭМЦЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛОВ

14042017 2Гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх асуудлаар 2016-2017 онд Монгол-Оросын гаалийн байгууллагуудын хийсэн ажлын дүнг хэлэлцэж, цаашид энэ чиглэлээр хийх ажлын талаар харилцан санал солилцсон ажлын хэсгийн уулзалт ОХУ-ын Сочи хотноо 2017 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд болов. Хоёр талт ажлын хэсгийн уулзалтыг Монгол-Оросын гаалийн байгууллагуудын орлогч дарга нар удирдан явуулсан бөгөөд монголын талаас ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид тус уулзалтад оролцсон. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх газрын дарга Б.Онон, тус газрын ГУАБ Л.Очгэрэл, ГЕГ-ын ГХАХ-ийн ГУБ Ц.Баярмаа нар ажиллав.

 Оросын Холбооны Улсын ХГА-ны орлогч дарга А.А.Серышев тус уулзалтыг нээж, хэлсэн үгэндээ Оросын Холбооны Улс ба Монгол Улс нь хөрш зэргэлдээ байрладаг улс орнуудын хувьд гаалийн хууль тогтоомжийн зөрчил болон контрабандтай тэмцэх хүрээнд хоёр талын эрх ашгийг хамгаалсан, үр өгөөжтэй хамтарч ажиллах ихээхэн нөөц боломж байгааг тэмдэглээд тус уулзалт хоёр талын гаалийн зөрчилтэй тэмцэх чиглэлээр цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд ач холбогдолтой уулзалт болно гэдгийг цохон тэмдэглэсэн.

Монгол Улсын ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ монгол-оросын гаалийн байгууллагуудын гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлыг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ХХ хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан болохыг тэмдэглээд монголын гаалийн байгууллага оросын талтай цаашид идэвхтэй, тасралтгүй, ажлын уялдаа холбоотой ажиллахыг эрмэлзэж байгаа тухай онцлов.

Монгол-Оросын гаалийн байгууллагууд улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхэд гардаг гаалийн хууль тогтоомжийн зөрчил, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр бүс нутгийн хэмжээнд нягт хамтын ажиллагаатай ажиллахын зэрэгцээ улсын хилээр хууль бусаар хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэхтэй тэмцэх чиглэлд онцгой анхаарал хандуулахын чухлыг Талууд санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн.

14042017 1

Уулзалтын үеэр оросын талаас Оросын Холбооны Улсын ХГА-ны Контрабандтай тэмцэх ерөнхий газар, монголын талаас Монгол Улсын ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх газрын зорилго, бүтэц, үйл ажиллагааны чиглэл, чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж танилцуулав.

            Тус уулзалтаар Талууд бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд гаалийн зөрчилтэй тэмцэх чиглэлээр хийсэн ажил, цаашдын төлөв байдал; улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх онц аюултай төрлийн гэмт хэрэгтэй тэмцэххүрээнд хамтарсан төлөвлөгөөт үйл ажиллагаа явуулах талаар; цаашид гаалийн зөрчилтэй тэмцэх ажлыг үр дүнтэй болгох, шуурхай ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулах зорилгоор мэдээллийг хоорондоо шуурхай солилцож байхын чухлыг онцлон тэмдэглээд, мэдээлэл солилцох хоёр талын холбоо баригч нарыг томилох талаар зөвшилцөлд хүрэв.

Гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд монголын гаальчдыг мэргэшүүлэх, чадавхийг дээшлүүлэх /тухайлбал, хар тамхи илрүүлэх чиглэлээр/ сургалт зохион байгуулах зорилгоор ОХУ-ны ХГА-ны тус чиглэлийн мэргэжилтэн, эксперт багшийг МУ-д урьж ажиллуулах сонирхолтой байгааг монголын талаас уламжилсан бөгөөд шаардлагатай бол хилийн боомтуудад очиж сургалт зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэдгийг мэдэгдэв. Оросын тал монголын талын саналыг нааштайгаар хүлээн авч дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд монгол-оросын гаалийн байгууллагын орлогч дарга нар “Гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хүрээнд 2018-2019 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын ГЕГ, Оросын Холбооны Улсын ХГА хоорондын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан.

Дараагийн уулзалтыг 2018 онд Монгол Улсад зохион байгуулахаар Талууд тохиролцов.