mn GB
Mobile menu

ОУ-ЫН ГААЛИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ДГБ-ЫН ЕНБД-ААС МОНГОЛЫН ГААЛЬД ИРҮҮЛСЭН ЗАХИДАЛ

logo

ГЕГ-ын дарга Б.Асралт, гаалийн газар, хороодын дарга нар, Монголын гаалийн улсын байцаагчид аа,

Дэлхий дахины гаалийн хамтын нийгэмлэг энэ чухал өдөр 2017 оны олон улсын гаалийн баярыг дэлхийн өнцөг булан бүрт хамтаар “Data Analysis for Effective Border Management” (албан бус орчуулгаар: Хил дээрх үйл ажиллагааг үр ашигтай удирдан зохион байгуулахад мэдээллийн өгөгдлийн дүн шинжилгээг ашиглах нь) уриан доор тэмдэглэн өнгөрөөж байна. Миний бие Монголын гаалийн байгууллагын өнөөдрийг хүртэлх ололт, амжилтад баяр хүргэж буйдаа туйлын баяртай байна. Тухайлбал, үүнд, эрх зүйн тогтолцоог сайжруулах, даяарчлагдсан худалдааны орчинд худалдаа эрхлэгчдэд гарч буй хэрэгцээ шаардлагад үр дүнтэй хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлсэн явдлыг дурдаж болно.

Монгол Улс 1991 онд ДГБ-ын гишүүн орон болсон. ДГБ-ын чухал баримт бичиг, арга хэрэгслүүд болох Уялдуулсан системийн тухай конвенц, Шинэчлэн найруулсан Киотогийн конвенц зэрэгт нэгдэн орсон анхны гишүүдийн нэгийн хувьд Монголын гааль мэдээллийн технологийн дэвшилтэт арга хэрэгслүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хүний нөөцийнхөө чадавхийг бэхжүүлэх хэрэгцээнд онцгой анхаарал тавьж ажиллаж ирсэн. Улмаар гаалийн байгууллага биет шалгалтын хувь хэмжээгээ бууруулж, худалдаа эрхлэгчдийн хууль сахилтын түвшинг дээшлүүлж, хил дээрх гаалийн бүрдүүлэлтийг олон талаас нь сайжруулсан үр дүнд хүрээд байна. Монголын гааль энэхүү амжилтаараа бахархах ёстой бөгөөд амжилт дээрээ суурилан үйл ажиллагаагаа улам сайжруулна гэдэгт би итгэл дүүрэн байна.

Монголын гаалийн шинээр баталсан Стратеги төлөвлөгөөний зорилтуудын хүрээнд бүрэн хэмжээний нэгдсэн удирдлагатай хилийн менежментийг хэрэгжүүлэхийн тулд мэдээллийн өгөгдөлд үр ашигтай дүн шинжилгээ хийх замаар гаалийн байгууллагуудад өнөөдөр тулгарч буй хүндрэл сорилтуудыг шийдвэрлэж, Монголын хилийн менежментийг улам бүр бэхжүүлэхийг уриалж байна.

Мэдээлэл, өгөгдөл цуглуулж, түүнд дүн шинжилгээ хийх нь хилийн нэгдсэн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх гол арга хэрэгсэл болоод байна. Миний зүгээс Монголын гаалийн байгууллага дээд шатны удирдлагууд, дунд шатны менежерүүд болон нэгж дээр ажиллаж буй нийт байцаагчиддаа цуглуулсан мэдээлэлд боломжит бүхий л мэдээллийн технологийн арга хэрэгслийг ашиглан дүн шинжилгээ хийж гаалийн үйл ажиллагааг бэхжүүлэх, шийдвэр гаргах үйл явцыг сайжруулах болон бусад ач холбогдол, боломж бололцоог ойлгож мэдрэхийг уриалж байна. Энэ нь эргээд хилийн менежментийг ямар ч эргэлзээгүйгээр сайжруулах болно.

Монголын гаалийн байгууллагад ач холбогдолтой олон бүс нутгийн сургалтад Монголын гаалийн ажилтнууд хамрагдаж, Монгол Улсад ДГБ-ын олон сургалт, семинарууд зохион байгуулагдаж ирсэн. Энэ нь өнөөгийн даяарчлагдсан нийгэмд Монголын гаалийн байгууллагад тулгарч буй хүндрэл, сорилуудыг давах чадавхийг Монголын гаалийн байгуулагад олгосоор байна. Өнгөрсөн жил Монгол Улсын нэгдэн орсон ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор ДГБ-ын Меркатор хөтөлбөрийн хүрээнд чадавхийг бэхжүүлэхэд үзүүлэх дэмжлэг нэмэгдэх боломжтой бөгөөд бид энэ тал дээр туслахад бэлэн байна.

Та бүхэн ололт амжилтаа бататган, хилийн хяналтыг илүү үр ашигтай, үр дүнтэй зохион байгуулахын зэрэгцээ худалдааг хөнгөвчлөх болон үндэсний аюулгүй байдлыг хангах их үйлсээ үргэлжлүүлээрэй гэж уриалж байна.

Монголын гаалийн нийт удирдлага, албан хаагчдад Олон Улсын гаалийн баярын мэнд хүргэж, шинэ үеийн гаалийн алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан аз жаргал, ажлын амжилтыг хүсэн ерөөе. Миний бие танай 100 жилийн ойн баяраар Улаанбаатар хотноо очиж байсан сайхан дурсамжаа санасаар байгаа.

Хүндэтгэсэн,

ДГБ-ын ЕНБД Кунио Микурия