mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА

logo

Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-аар
хийх мэдээллийг хүргэж байна.

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

МУ-ын Гаалийн байгууллагаас Шинэчлэлийн ЗГ байгуулагдсанаас хойшх 2 жил гаран хугацаанд хийсэн ажил үйлсийнхээ талаар товч мэдээлэл хийх гэж байна.

Сүүлийн үед Гаальд эрс шинэчлэл хийгдэж байгаа талаар олон нийтийн дунд сайн муугаар багагүй яригдаж байгаа. Тиймээс бид та бүхэнд түгээх мэдээллээ Гаальчид бид “шинэчлэл”-ийг хэрхэн ойлгож байгаа гэдгээс эхэлье.

Гаалийн шинэчлэлийг бид, юуны түрүүнд, гаалийн харилцаанд оролцогчдын сэтгэлгээний хандлагын эерэг өөрчлөлт гэж үзэж байна. Энэ нь нэг талаас, гаальчдын үйл ажиллагаа ил тод бус байдал, авилга, хүнд суртал зэрэг нийгмийн сөрөг үзэгдлээс ангид, хөнгөн шуурхай байж, үйлчилгээний болон харилцааны соёл нь харилцагчдын талархлыг ямагт хүлээдэг болж, Гаальчид маань хуулийн дагуу үзүүлсэн үйлчилгээгээрээ хүнийг баярлуулж, таашаал авах явдал юм.  
Нөгөө талаас, гаалийн харилцаанд оролцогчид маань төрийн хууль тогтоомжийг дээдлэн хүндэлж, аливаа зөрчил,  худалдааны луйвар гаргахаас аль болох татгалздаг болох явдал гэж үзэж байгаа.

     Мөн нэг талаас гаальчид Гаалийн байгууллагад орсон,  ажилласан,  амьдралаа холбосон хувь заяандаа талархаж байдаг байхад,  нөгөө талаас төр засаг маань гаальчид өнөөдөр, маргаашдаа сэтгэл зовж ажиллаж амьдрахааргүй нийгмийн болон эдийн засгийн баталгааг хуульчлан баталж, чанд мөрдөх явдал юм.
Шинэчлэлийг энэ л үзэл санаагаар ойлгосон Гаалийн байгууллагын өнөөгийн удирдлагын баг өнгөрсөн 2 жилийн хугацаанд удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны өөрчлөлтийн шинж чанар бүхий нилээд арга хэмжээ авсан.

Хамгийн гол гэснээс нь дурдвал:
     Нэг. Сүүлийн жилүүдэд Гаалийн байгууллага хүнд сурталтай,  авилгад идэгдсэн гэсэн ойлголт нийгэмд түлхүү тархсан байсан.  Үүнд Гаалийн өнөөгийн удирдлага олон талаас нь дүгнэлт хийн,  юуны түрүүнд,  гаалийн үйл ажиллагааг хөнгөн шуурхай болгох,  гаальчид ба гаалийн харилцаанд оролцогч нарын нүүр тулсан харилцааг аль болох багасгах, гаалийн хяналт,  бүрдүүлэлтэд зарцуулагдах цаг хугацааг аль болох богиносгоход анхаарч ажилласан.

Энэ зорилгоор хяналт,  бүрдүүлэлтийн үйл ажиллагааг автоматжуулах,  цахимжуулах ажлыг эрчимжүүлэх дэс дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

     Энэ ажлын хүрээнд хил орчмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний “Үнийн судалгаа” хийж, Замын-Үүд боомтоор гаалийн нутаг дэвсгэрт импортоор орж ирэх өргөн хэрэглээний 1500 нэр төрлийн  барааны дундаж үнийг судлан тогтоон,  нээлттэй сүлжээнд ил тод байршуулсан.  Үүний үр дүнд гаальчид,  импортлогчдын дунд үүсдэг үнийн маргаан багасч, харилцан итгэлцэл бэхжиж эхэлсэн.

Түүнчлэн бүрдүүлэлтэд зарцуулах хугацаа 2-5 дахин буурсан байна.

Мөн импортын суудлын автомашины “Лавлах сан” үүсгэн,  барааны бичиглэлийг ижилсгэлээ.

Энэ ямар ач холбогдолтой вэ гэвэл, ийм төрлийн “Мэдээллийн сан”-гүйгээс бид “Ландкруизер”  маркийн авто машиныг 80, 100, 105, 200 гэх мэтээр ангилан бүрдүүлэлт хийдэг байсан бол одоо JX, VX, бензин ба дизель хөдөлгүүртэй,  автомат ба механик коробтой, дугуйны хэмжээ зэрэг бүхий л модификаци,  ялгаа болгоноор нь ангилах боломжтой болсон юм.

Үүний зэрэгцээ импортын суудлын авто машины интернет сүлжээн дэх “Үнийн судалгаа” хийснээр 14500 орчим автомашины дундаж үнийг тодорхойлон программд оруулж, ил тод байршууллаа.  

     Ингэснээр гаальчдыг дураараа үнэ зохиолоо,  хүнд суртал гаргалаа,  авлига авах гээд байна гэсэн хардлага багасч,  1 автомашинд гаалийн үнэ тодорхойлоход зарцуулах хугацаа  50  секунд байсан нь 10-20 сек болж, 2-5 дахин буурсан юм.

Манай хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадал буурайгаас болж уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэлт хөрөнгө оруулалт хийхгүйгээр, нэмэгдүүлэх боломж бага байдаг.  

     Энэ байдлыг өнөөгийн нөхцөлтэй уялдуулан хөнгөвчлөх,  бараа,  тээврийн хэрэгслийн эргэлтийг түргэсгэх зорилгоор “Гаалийн бүрдүүлэлтийг цаасгүй болгох буюу цахимжуулах ажил”-ыг эхлүүлээд байна.

Одоогийн байдлаар Шивээхүрэн, Гашуунсухайт, Бичигт зэрэг 5  боомтод хэрэгжүүлээд байгаа бөгөөд маш их өгөөжтэй ажил болсон талаар уул уурхайн салбарын компаниуд ярьж байгаа юм.

Зөвхөн 1  бүрдүүлэлтийн хувьд гэхэд, 23-29 шат дамжлага байсан нь 12-16 болж, хугацаа дунджаар 21 минутаар буурч, одоо үндсэн хугацаа 6 минут болсон байна. Экспортын бүрдүүлэлтэд 7 гаалийн ажилтан оролцдог байсан бол  3 болж бууран, гадаад худалдаанд оролцогч ААНБ-ууд бүрдүүлэлт, ачилт тутмаас дунджаар 4200 төгрөгийн хэмнэлт гарч байгаа байна.

Энэ тоо хэдийгээр бага мэт сонсогдож буй боловч өдөр тутам бүрдүүлэлт хийж буй тээврийн хэрэгсэл тус бүрээр тооцон үзэхэд ААНБ-д эдийн засгийн асар их хэмнэлт гарч байна.

     Хоёр.  Гаалийн бүрдүүлэлтэд хэтэрхий олон бичиг баримт шаарддаг тухай хэл ам тасардаггүй байсан үе саяхан. Гаалийн тухай хуульд өөрчлөлт орж, энэ төрлийн бичиг баримтын тоог байж болох дээд хэмжээгээр цөөрүүлсэн.


Өнөөдөр Монголын Гааль гадаад худалдаанд оролцогчдоос үндсэндээ  2-хон төрлийн бичиг баримт буюу гадаад худалдааны гэрээ эсхүл үнийн нэхэмжлэх, дээр нь тээврийн баримтыг л шаардах болсон. Хуульд заасан бусад  2 бичиг баримт нь тарифын бус хязгаарлалттай бараа болон хууль тогтоомжид тусгайлан заасан бараанд шаардагддаг бичиг баримт юм.

Бид гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах бичиг баримтын тоог механикаар цөөлөхдөө “барааны гарал үүсэл”-ийн бичиг баримтыг шаардахгүй болсон.  Гэтэл энэ нь гадаад худалдаа төгөлдөржихийн хэрээр гарцаагүй шаардагдах зүйл болох нь харагдаж байгаа.  Энэ асуудлыг яваандаа эргэн харах шаардлагатай болох байх.

      Гурав. Монголын Гааль сүүлийн 20-д жилийн туршид гаалийн хяналт, бүрдүүлэлтийг  12-14  шат дамжлагатайгаар хийж ирсэн.

Энэ нь манай улсын санхүү,  эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийн өнөөгийн түвшинд хүнд суртал,  авилга руу илт турхирсан процесс байна гэдгийг ГЕГ-ын удирдлага санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, дээрх олон шат дамжлагыг дунджаар 2 дахин цөөлөх нь зүйтэй гэж үзсэн.

      Ингэснээр гадаад худалдаа эрхлэгч нарт цаг хугацаа хэмнэх, бараагаа өөрөө мэдүүлэх,  зардлаа хэмнэх,  бараа эргэлтээ түргэсгэх боломж олгосон бол гаалийн улсын байцаагч нарын хувьд ажлын давхардалгүйгээр өндөр зохион байгуулалт,  хариуцлагатайгаар ажиллаж, цагийн юмыг цагт нь хийх шаардлагатай болж байгаа юм.

     Дөрөв. Гаалийн хилээр нэвтэрч буй бараа, тээврийн хэрэгслийг эзэнд нь олгох зөвшөөрлийн эцсийн эрхийг гаалийн байгууллагын хэмжээнд хяналтын асуудал хариуцсан 70-80  гаалийн улсын ахлах байцаагч эдэлж байсан.

Энэ нь төр засагтаа тангараг өргөсөн 1000 гаран гаалийн улсын байцаагчийн эрхийг хүчгүйдүүлж,  атаа жөтөө,  хэл амны эх үүсвэр болж,  Гаалийн байгууллагын хэвийн ажиллагаанд ч нөлөөлөх хэмжээний буруу үр дагавартай эрхийн хуваарилалт байсныг өөрчиллөө.

Ингэснээр 2014 оны 09 дүгээр сарын 01 өдрөөс эхлэн гаалийн хилээр нэвтэрч буй бараа, тээврийн хэрэгслийг эзэнд нь олгох эцсийн зөвшөөрлийн гаалийн улсын ахлах байцаагч биш, гаалийн улсын байцаагч өөрөө хэрэгжүүлдэг эрх хэмжээтэй боллоо.

Одоо гаалийн улсын байцаагч бүр өөрийн хийсэн үйлдэл,  гаргасан шийдвэрийнхээ төлөө өөрөө л хариуцлага хүлээх болсон.

     Тав. Гаалийн үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчил бий болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Гаалийн тухай хуульд “ гаальчдыг  2  жил тутамд сэлгэн ажиллуулж болох” тухай заалт тусгагдсан байдаг.

Энэ заалтын дагуу жилд дунджаар  200 орчим гаалийн улсын байцаагчийн ажиллаж, амьдрах газрыг сэлгэж байсан байдаг. Гэтэл нэг газар хэтэрхий урт хугацаанд байснаас худалдааны луйварт оролцдог байж болзошгүй гэсэн нийгмийн сэтгэлгээ газар авч, зарим газар илт мэдрэгдэх болсоноос сүүлийн 2 жилд нийтдээ 800 гаран байцаагчийг системийн хэмжээнд сэлгэн ажиллуулсан.

Олон  хүнийг суурьшсан газраас нь цаг улирал харгалзалгүй хөдөлгөнө гэдэг тун ярвигтай,  хэцүү ажил бөгөөд хэрийн хүн хүсэх зүйл биш юм. Гэхдээ эрхэлж буй ажил хөдөлмөрийн онцлог, шаардлагын үүднээс хийсэн. Хийхээр ч аргагүй юм. Үүнийг цаг ямагт ойлгон,  шинэчлэлийн үйл явцыг дэмжин, ямар ч үед эх орныхоо хэрэгцээт газар бие, сэтгэлээ зориулан ажиллаж байгаа, өргөсөн тангарагтаа үнэнч, эрхэмсэг гаальчиддаа гүнээ талархаж байдгаа энэ дашрамд хэлмээр байна.

      Зургаа. Гаалийн улсын байцаагч нарыг ойр ойрхон сэлгэх нь хамгийн оновчтой шийдэл биш гэдэг нь судалгаа,  бодит амьдралаас илт харагдаж байгаад дүгнэлт хийсний үндсэнд гаалийн хяналт, бүрдүүлэлтийн давхар хяналтын механизмууд болох гаалийн зөрчлийн асуудал хариуцсан нэгж, эрэлч нохойн алба буюу хөдөлгөөнт хяналтын зэрэг нэгжүүдээ бэхжүүлэн, сэлгэн ажилладаг болголоо.

2013 оны эхний арван сарын байдлаарГаалийн байгууллага 2259 зөрчил илрүүлж үүнд 298,572,612.85 төгрөгийн торгуул ноогдуулж, нөхөн төлүүлсэн татварын дүн нь 671,928,321.13 төгрөг болж байсан бол 2014 оны эхний арван сарын байдлаар 2665 зөрчил илрүүлж 391,046,212.13төгрөгийн торгуул ноогдуулж, нөхөн төлүүлсэн татварын дүн 1,001,342,286.56төгрөг болж өссөн байна. Энэ тоонууд нь нэг талаас Гаальчдын хариуцлага өндөрсөж, арга ажиллагаа нь сайжрахын хэрээр гаалийн зөрчил илрүүлэлт нэмэгдэж байгаа үзүүлэлт юм.

      Нөгөө талаас авч үзвэл, гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахилтын түвшин үнэхээр доогуур байна. Иймд бид зөвхөн гаальчидтайгаа гэхээсээ илүүтэйгээр гаалийн харилцаанд оролцогчидтойгоо нягт хамтран ажиллаж, тэдний гаалийн хуулийн мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ зөрчил гаргагчдад тооцох хариуцлагын тогтолцоог чангатгах тууштай арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм.

    Долоо. Гаалийн статистик мэдээ, мэдээллийн чанар,  үнэн зөв байдлыг дээшлүүлэхийн тулд ОХУ-тай экспортын 4, импортын 17, БНХАУ-тай экспортын 16, импортын 8 нэр төрлийн барааны гаалийн статистик зэрэгцүүлэлтийг хийж эхэлсэн.

Үүний үр дүнд статистик мэдээллийн зөрүү үүсч байгаа шалтгааныг гол нэрийн бараан дээр тогтоож, гаалийн зөрчил, худалдааны луйвар илрүүлэх шинэ боломжийг бий болголоо.

Ойрын ирээдүйд ялангуяа хоёр хөршийн Гаалийн байгууллагуудтай статистикийн мэдээллийг илүү дэлгэрэнгүй үзүүлэлтээр солилцож, онлайн хэлбэрт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

     Найм. Гаалийн байгууллагын гадаад харилцааг өргөтгөн, шинэ шатанд гаргалаа. Өнөөдөр бид гадаадын 17 орны Гаалийн байгууллага, олон улсын бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

       Энэ жилийн хувьд БНХАУ, ОХУ, БНСУ-ын Гаалийн байгууллагын удирдлагуудтай албан ёсны уулзалт хийж, тодорхой асуудлаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр шийдвэрлэлээ.  Гадаад харилцаанд өндөр ач холбогдол өгсөнөөр гаалийн улсын байцаагч нар Орос, Хятад, Австрали, Шинэ Зеланд, Америк, Чили, Солонгос, Энэтхэг зэрэг гадаадын 8 оронд урт болон богино хугацааны сургалтад хандивлагч нарын зардлаар хамрагдах нөхцлийг бүрдүүлээд байна.

     Бид хийсэн болон хийж буй ажлуудаасаа тоймтой, үр дүнгээ өгч эхлээд байгаагаас нь дурдлаа. Одоо би төсвийн орлогын өнөөгийн байдлын талаар цөөн үг хэлье.
Монгол Улсын Гааль энэ онд улсын төсөвт 1 их наяд 919 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй.  9 дүгээр сарын байдлаар орлогын төлөвлөгөө 84.1 хувийн гүйцэтгэлтэй байна. 2013 оны мөн үетэй харьцуулахад нийт орлого 2 хувиар буюу 22.9 тэрбум төгрөгөөр, татварын орлого 14.3 тэрбум төгрөгөөр өссөн.

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2011  оны уул уурхайн салбарын огцом өсөлтийн үеэс хойш жилээс жилд буурч байгаа үзүүлэлттэй байхад улсын төсвийн гаалийн орлого өмнө хүрсэн түвшингээсээ буураагүй байгаад дээр дурдсан арга хэмжээнүүдийн үр дүн нөлөөлсөн нь тодорхой боловч хамгийн гол Монголын нийт гаальчдын хамтын нөр их хичээл зүтгэл юм гэдгийг цохон тэмдэглэх байна.

     Мэдээллийн эхэнд би “Шинэчлэл”-ийг Гаальчид бид хэрхэн ойлгодогоо тодорхойлсон. Тэр хэтийн зорилгодоо аль болох богино хугацаанд хүрэхийн тулд Гаалийн байгууллагынхаа тогтолцоог эрүүл,  амьдрах чадвартай байлгах явдал бол хамгаас чухал гэж үзэж байгаа. Ер нь улс төрийн,  төрийн албаны, аль нэг байгууллагын зэрэг аливаа тогтолцоог хүний биетэй зүйрлэж үзэж болох юм.  

      Учир нь хүн бүрийн бие бол биеэ даасан нэг тогтолцоо буюу систем юм. Хүн амьд байхын тулд дархлаа сайтай байх хэрэгтэй. Дархлаагаа сайжруулахын тулд юм идэж уух хэрэгтэй болдог. Юм идэж, уусан л бол өтгөн, шингэнээ буюу ялгадасаа биеэсээ гадагшлуулан, цэвэршиж байх ёстой. Тэгэхгүй бол өтгөн, шингэний түгжрэл болж өвдөх болно.
Тэгвэл Гаалийн байгууллагын дархлаа нь Гаалийн байгууллагын эрх зүйн байдал, үйл ажиллагааны эрх хэмжээг тодорхойлсон “Гаалийн тухай” хууль юм. Иймд бид дархлаагаа сайжруулах үүднээс хуулиа шинэчлэн боловсруулж байгаа.

Шинэ хуулиараа бид:
1) Гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагч, гаалийн харилцаанд оролцогчдын эрх зүйн байдал, эрх зүйн хэм хэмжээг нарийвчлан тогтооно;
2) Гаалийн хяналт бүрдүүлэлтийн болон давхар хяналтын арга ажиллагааг хууль ёсны худалдааг хөнгөвчлөх зарчимд нийцүүлэн шинэчлэн баталгаажуулна;
3) Гаалийн алба хаагчдын нийгмийн болон эдийн засгийн баталгааг сайжруулна;
4) Гаалийн зөрчил гаргагсдад ногдуулах хариуцлагын хэм хэмжээг чангатгана.
Харин байгууллагаа цэвэршүүлэхийн хувьд гэвэл, гаалийг хялбар аргаар баяжих газар гэж ойлгон худалдааны луйварт оролцдог, танхай, үйлчлүүлэгчтэй бүдүүлэг харьцдаг зэрэг ёс зүй, ёс суртахууны дутагдалтай, санаачлагагүй, ажил хийдэггүй гаальчдаас зоримог салах ёстой гэсэн зарчим барьж ажиллаж байна.
Өнөөдөр ГЕГ-ын ажилтан нэг бүрээс хариуцсан ажлынхаа талаар бүх төрлийн судалгаа, шинжилгээ хийсэн, ололттой дутагдалтай талаа тодруулсан, хүрэх зорилго, үр дүнгээ зөв тодорхойлсон, хэрэгжүүлэх арга зам, аргачлалаа тогтсон, хяналтаа тавих механизмаа бий болгосон байхыг хатуу шаардаж байгаа.

Анхаарал тавьсанд баярлалаа.