mn GB
Mobile menu

"МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН 2017 ОНЫ ГАДААД ХУДАЛДААНЫ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛД" ЗЭРЭГЦҮҮЛЭЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

thumbnail 2

МУ-ын ГЕГ, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын Стратегийн хамтын ажиллагааны 2015-2019 оны төлөвлөгөөнд гадаад худалдааны статистикийн зэрэгцүүлэлтийг гурван жилд нэг удаа хийж байхаар тусгасан байдаг. Энэхүү зэрэгцүүлэлтийг хийх ажлын хэсгийн 3-р уулзалт 2018 оны 7-р сарын 22-28-ны өдрүүдэд Москва хотод боллоо. Энэхүү хамтарсан зэрэгцүүлэлтэнд ОХУ-аас Холбооны гаалийн албаны Дүн шинжилгээний газрын дарга, зөвлөхүүд, Монгол улсаас ГЕГ-ын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн оролцож 2017 оны Монгол улс, ОХУ-ын хооронд хийгдсэн экспорт, импортын статистикийн тоон үзүүлэлтийг хамруулж, 19 нэр төрлийн бараанд нарийвчилсан тулгалт хийсэн юм.

thumbnail 3

Зэрэгцүүлэлтийн явцад гарсан зөрүүний шалтгаан нь аргачлалын ялгаа, барааны ангиллын зөрүү, бүртгэлийн онцлог, он дамналт зэрэгтэй холбоотой байсан юм. Мөн ОХУ-ын хувьд зорчигчийн барааг жингээр нь ба тоо хэмжээгээр нь гэсэн хоёр байдлаар тооцож статистик мэдээндээ оруулж, татвар тооцдог онцлогтой байсан юм.

Манай улсын ОХУ-тай хийсэн гадаад худалдааны эргэлт 2015 онд 1097.9 сая ам.доллар байсан бол 2017 онд 1286.9 сая ам.доллар болжээ. ОХУ манай улсын гадаад худалдааны нийт импортын 28.1%, нийт экспортын 1.1%-ийг тус тус эзлэж байна. Тухайлбал жонш, мах зэрэг бараа экспортод гол хувийг эзлэж байгаа бол, нефтийн бүтээгдэхүүн (бензин, дизель түлш) импортын голлох хувийг эзлэж байна.