mn GB
Mobile menu

Гаалийн тарифын болон тарифын бус зохицуулалт

ГААЛИЙН АЛБАН ТАТВАР

“Гаалийн татвар” гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ноогдуулах, хураах, төлөх албан татварыг хэлнэ. Гаалийн татвар тогтоох хэлбэр нь : 

• Гаалийн үнээс хувиар
• Барааны нэгжид мөнгөн илэрхийллээр
• Дээрх 2 хэлбэрийг дангаар эсхүл хослуулан
• Дээрх 2 хэлбэрээс гаалийн өндөр татвартайг нь сонгоно

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР

Импортын бараанд Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ын хувь хэмжээ нь 2007 оны 1 дүгээр сарын 1-нээс татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна. Импортын барааны НӨАТ тооцох үнэлгээг Гаалийн тарифын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон үнэ дээр гаалийн, онцгой болон бусад татварыг нэмж тодорхойлно. Худалдах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан бөгөөд гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны хувьд тэг “0” хувь хэмжээг хэрэглэнэ.

Гадаад худалдаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бараа импортоор оруулах болон экспортод гаргах үедээ гаальд тодорхой албан татвар, хураамж төлдөг. Эдгээр албан татварын хэмжээ нь гаалийн үнэ, тоо хэмжээ, татварын төрөл, хэлбэр, тарифын хувь хэмжээ зэргээс хамаарч өөр өөр байна. Манай улсын хувьд дийлэнх импортын барааны гаалийн албан татвар 5%, НӨАТ 10% байдаг бөгөөд тодорхой зарим нэр төрлийн барааны улирлын чанартайгаар өөрчлөгддөг.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ ногдуулах, төлүүлэх үйл ажиллагааг гаалийн байгууллага хариуцна гэсэн бөгөөд НӨАТ тооцох үнэлгээг Монгол Улсын Гаалийн тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар, онцгой албан татвар болон бусад татварыг нэмж тодорхойлно гэж заасан байдаг. Үүний дагуу НӨАТ-ыг тооцохдоо дараахь томъёог хэрэглэнэ.

НӨАТ=(ГҮ+ГТ+ОТ+БТ)*Т3
ГҮ - гаалийн үнэ
ГТ - гаалийн татвар
ОТ - онцгой татвар
БТ - бусад татвар
Т3 - НӨАТ-ын хувь

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР 

/Доорхи заалт 2012 оны 1-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна/

Архи, дарс, тамхи, шар айраг, автобензин, дизелийн түлш, автомашин зэрэг бараа онцгой татвартай байдаг.

 

Онцгой албан татвар ноогдуулах бараа

 

 

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл Онцгой албан татвар ногдлуулах биет нэгж
1. Бүх төрлийн согдууруулах ундаа 1 литр
2. Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи 100 ширхэг
3. Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи 1 килограм
4. Автобензин, дизелийн түлш 1 тонн
5. Суудлын автомашин 1 ширхэг

Импортын суудлын авто машинд ногдуулах онцгой албан татвар:

 

ТАТВАР БОДОХ АРГАЧИЛАЛ

ГААЛИЙН БОЛОН БУСАД ТАТВАРЫГ ТООЦОХ АРГАЧИЛАЛЫН ТАЛААР

Дээрх албан татварын төрлүүдийг ногдуулахдаа татвар тооцох дараахь хоёр хэлбэрийг ашигладаг.

1.Гаалийн үнээс хувиар тооцох хэлбэр:

Энэ хэлбэрээр гаалийн татвар тооцоход дараахь томъёог хэрэглэнэ. 

ГТ=ГҮ х Т1
ГТ - гаалийн татвар
ГҮ - гаалийн үнэ
Т1 - Үнээс тооцох тарифын хувь хэмжээ

2. Биет хэмжигдэхүүнээс тооцох хэлбэр:

Энэ хэлбэрээр гаалийн татвар тооцоход дараахь томъёог хэрэглэнэ.

ГТ= ТХ х Т2
ГТ – татварын хэмжээ
Т2 – тоо хэмжээ, жингээс тооцох тарифын хувь хэмжээ
ТХ – татвар тооцох барааны тоо хэмжээ, жин буюу биет хэмжигдэхүүн

Гаалийн үнийг тодорхойлохдоо дараахь томъёог хэрэглэнэ. 

ГҮ=ХҮ + (Т+К+Д+П+О) – Х
- ГҮ – гаалийн үнэ
- ХҮ – хэлцлийн үнэ буюу импортын бараанд төлсөн, төлбөл зохих үнэ,
- Т – тээврийн зардал,
- К – комисс,
- Д – дэмжлэг,
- П – патент,
- О – орлого,
- Х – хасагдах зардал

Эдгээр нэмэгдэх болон хасагдах зардлуудыг тус тусад нь дэлгэрэнгүй авч үзье.

1.Т буюу тээврийн зардалд барааг Монгол Улсын хилийн өртө хүртэл тээвэрлэх, ачих буулгах зардал, тээврийн бичиг баримт бүрдүүлэхтэй холбогдон гарсан аливаа хураамж, үнэ хөлс, тээвэрлэлтийн явцад бараанд зориулж, тухайлбал шаардлагатай дулаан бүхий орчинд тээвэрлэх ёстой бараа бол түүнд гарах зардал, мөн үүнтэй төстэй чийг, агааржуулалт, хөргөлтөд гарах зардал, түүнчлэн хэрвээ амьд амьтан бол түүнийг хооллох, эмчлэх зэрэг тухайн барааны бүрэн бүтэн байдал, чанарыг хадгалахтай холбогдон гарах зардлууд, даатгалын хураамж хамаарна. 

2.К буюу комисст тухайн барааг худалдан авахтай холбогдуулан худалдан авагчийн төлсөн буюу төлбөл зохих комиссын болон зуучлагчийн хөлс, уг бараатай хамт ангилагдах эргэлтийн сав, баглаа боодлын дараахь үнийг хамруулан авч үзнэ: 

3.Д буюу дэмжлэгт тухайн барааг экспортонд зориулж үйлдвэрлэх, Монгол Улсад экспортлох үйл ажиллагаатай холбогдуулан ашиглуулахаар худалдан авагчаас худалдагчид буюу үйлдвэрлэгчид шууд болон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй, эсвэл хямдруулсан үнээр нийлүүлсэн бараа, ажил үйлчилгээний өртгийн зохих хэсгийг ойлгоно. 

4.П буюу патентэд тухайн үнэлж байгаа барааг худалдан борлуулах нөхцөл болгон худалдан авагчаас шууд ба шууд бус хэлбэрээр төлсөн, эсвэл төлөх патент, оюуны өмчийн эрхийн гэх мэт төлбөр, шимтгэл хамаарна. 

5.О буюу орлогод худалдан авагч тухайн барааг худалдан борлуулсан, захиран зарцуулсан, ашигласнаас олох орлогоосоо шууд ба шууд бус хэлбэрээр худалдагчид эргүүлж төлөх хэсэг хамаарна. 

6.Х буюу хасагдах зардалд дараахь бүлэг зардлууд орно. Үүнд: Үйлдвэрлэлийн хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж зэрэг барааг импортолсоны дараа суурилуулсан, угсарсан, бүтээн босгосон, засварласан болон техникийн туслалцаа үзүүлсэн, үүнтэй холбоотой сургалт явуулсаны төлөө худалдагчид төлсөн төлбөр, импортолсоны дараахь тээврийн зардал, импортлогч орны гаалийн болон бусад татвар г,м. 

 

ОДОО ТА ТАТВАРАА БОДООД ҮЗЭЭРЭЙ

ЖИШЭЭ-1: /Онцгой албан татвартай бараа/

Иргэн Д Япон улсаас 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2000см3 Mark-II машиныг 2100 ам.доллараар худалдан авсан бөгөөд уг машиныг монголд оруулж ирэх тээврийн зардал болон холбогдох зардалд нийт 4100 ам.доллар төлсөн гэж үзвэл ямар хэмжээний татвар төлөхийг тооцож үзье.

· ХҮ - худалдаж авсан үнэ
· З - тээврийн зардал болон бусад зардал
· ГҮ - гаалийн үнэ (зах зээлийн үнэ)
· Х - тухайн өдрийн гаалийн бүрдүүлэлтэд мөрдөж байгаа ам.долларын ханш (1 $=1’310 төгрөг гэж тооцов.)
· ГТ - гаалийн татвар (5%)
· ОАТ - онцгой албан татвар
· НӨАТ - нэмэгдсэн өртөгийн албан татвар 10%)

1. ГҮ=(ХҮ+З)*Х
ГҮ=(2'100+4'100)*1'310=8'122’000 төгрөг

2. ГТ=ГҮ*5%
ГТ= 8'122’000*5%=406'100

3. Суудлын автомашин нь 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2000см3 тул Онцгой албан татварын хуулийн дагуу 7'000 ам.доллар (7'000*1'310=9’170’000 төгрөг)-ын ОАТ ногдуулна.
НӨАТ=(ГҮ+ГТ+ОАТ)*10%

4. НӨАТ=(8'122’000+406'100+ 9’170’000) *10%=1'769'810 төгрөг
ТАТВАРЫН ДҮН: 406'100 + 9’170’000 + 1'769'810 буюу
Таны импортлосон автомашинд нийт 11'345'910 төгрөгийн татвар ногдох тооцоо гарч байна.

pdf Импортын барааны гаалийн тарифын хувь, хэмжээ /2014/
pdf Импортын барааны гаалийн тарифын хувь, хэмжээ /2015/