mn GB
Mobile menu

ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

       Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн биелэлтийг хангах, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар Гадаад харилцааны яам, Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпораци 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн портал байгуулах (Trade Information Portal), Худалдаа хөнгөвчлөх үндэсний хорооны үйл ажиллагааг дэмжих, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй болон малын эрүүл мэндийн сайн дадал нэвтрүүлэх, үндэсний болон олон улсын шаардлагуудыг хангахад чиглэгдсэн дүрэм, журмыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг тусгасан.

       Тус санамж бичгийн хүрээнд ОУСК нь гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. ОУСК нь Дэлхийн банкны группын гишүүн байгууллага бөгөөд энэхүү байгууллагын эрхэм зорилго нь хөгжиж буй улсын хувийн салбарын тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих, ядуурлыг бууруулах болон хүн амын амьжиргааг сайжруулахад чиглэдэг юм. Дэлхийн банк группийн гишүүн олон улсын санхүүгийн корпорацтай хамтран ажилласнаар гаалийн байгууллагын зүгээс Гаалийн хяналтад эрсдэлийн удирдлагыг хөгжүүлэх, гадаад худалдаа эрхлэгч нарт зориулсан Итгэмжлэгдсэн эдийн засгийн операторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд ахиц гарч гадаад худалдаа, түүний аюулгүй байдлыг хангахад ихээхэн ач холбогдол, үр дүнтэй ажил болно гэж үзэж байна.

Шинэ нисэх онгоцны буудалд iborders системийг нэвтрүүлнэ

Хууль, хяналтын байгууллагууд, СИТА /Олон улсын алсын холбоо мэдээллийн нийгэмлэг/-тэй хамтран агаарын зорчигчийн мэдээллийг урьдчилан авч боловсруулах, эрсдэл тооцох чиглэлээр 2018 оны 3 дугаар сарын 19-21-ны өдрүүдэд сургалтад хамрагдав. Шинэ нисэх онгоцны буудалд агаарын зорчигчийн мэдээллийг боловсруулах “iborders” системийг нэвтрүүлнэ.