mn GB
Mobile menu

ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖ /AUTHORIZED ECONOMIC OPERATOR/

ДГБ-ын "Гадаад худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байлгах" багц стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын гаалийн байгууллага "Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг 2010 оноос эхлүүлсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго нь гадаад худалдааг хөнгөвчлөх, худалдааны аюулгүй байдлыг хангах, гааль-бизнесийн түншлэлийг хөгжүүлэх юм.

Тус хөтөлбөрийн онцлог бол гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгжийн хувьд сайн дурын үндсэн дээр нэгдэж, хэрэгжүүлэх хөтөлбөр юм.  Энэхүү хөтөлбөрийн хүрээ нь олон улсын бараа нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэн оролцдог экспортлогч, импортлогч, тээвэрлэгч, тээвэр зууч, гаалийн зуучлагч, гаалийн баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэгч гэсэн 6 төрлийг хамрах юм.

Олон улсын стандарт: Итгэмжлэгдсэн хуулийн этгээд /ДГБ-ын Киото конвенц/, итгэмжлэгдсэн эдийн засгийн оператор /ДГБ-ын багц стандарт/, итгэмжлэгдсэн оператор /ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр/.

Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр гэдэг нь гаалийн байгууллага, гадаад худалдааны аюулгүй байдлыг хангах, худалдааг хөнгөвчлөх, гааль-бизнесийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор гадаад худалдаанд оролцогчдод тодорхой шалгуур тавьж, хангасан тохиолдолд тодорхой хөнгөлөлт үзүүлэх, харилцан итгэлцэлд суурилсан үйл ажиллагаа юм.

Дараах үндсэн 4 шалгуур үзүүлэлтийг хангасан хуулийн этгээдэд гаалийн итгэмжлэл олгоно.

  1. Хууль сахилтын түвшин сайн гэж тогтоогдсон байх;
  2. Хуулийн этгээдийн үйл ажиллагааны дотоод хяналт сайн байх;
  3. Санхүүгийн чадавхитай байх;
  4. Тогтоосон хэмжээний аюулгүй байдлын стандартыг хэлбэрэлтгүй сахих.

Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжид дараах хөнгөлөлт үзүүлнэ:

  • Гаалийн бүрдүүлэлтийг нэн тэргүүн ээлжинд, дараалал харгалзахгүй хийнэ.
  • Гаалийн байгууллагад мэдүүлэхээс өмнө барааг эзэнд нь олгох;
  • мэдүүлсэн барааг эзэмшигчийн өөрийн байр, агуулах, талбайд түр хугацаагаар хадгалах;
  • Нийт гаалийн бүрдүүлэлтийн 90 хүртэлх хувийг бичиг баримтын болон бараанд хийх шалгалтаас чөлөөлөх;
  • Гаалийн зуучлагчийн, төлбөрийн, цаасгүй бүрдүүлэлтийн системийг ашиглах эрх олгох;
  • Гаалийн болон бусад татвар төлөх хугацааг сунгах;
  • Гаалийн хууль тогтоомжийн болон гаалийн асуудлаар үүссэн аливаа асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх үүрэг бүхий гаалийн улсын байцаагчийг гаалийн удирдах төв байгууллагаас тусгайлан томилох;
  • Гаалийн байгууллагаас холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт, олон улсын шилдэг туршлагын талаархи мэдээллийг хүргүүлэх;
  • Итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн талаар олон нийтэд найдвартай, аюулгүй худалдааны түншээр сурталчлах;
  • Гаалийн бүрдүүлэлтийг барааны байршлаас үл хамааран дурын гаалийн байгууллагад хийлгэх;
  • Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулсан оронд хөнгөлөлт эдлэх.

Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг нэвтрүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

  • ААНБ-ын өрсөлдөх чадвар дээшилж, Монгол улсын эдийн засгийн хөгжилд шууд бусаар нөлөөлнө.
  • Олон улсын түвшинд гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлд Монгол улсын нэр хүнд өсч, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
  • Гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр ашиг дээшилнэ.
  • Гаалийн байгууллага нөөцөө зөв хуваарилах боломж бүрдэнэ.
  • Улсын төсвийн орлого нэмэгдэнэ.
  • Олон улсын хэмжээний хөтөлбөрт нэгдэж орсноор бусад улс орнуудтай харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулах замаар гаалийн байгууллагын хамтын ажиллагаа сайжирна.